images

Би ийм даахитай үрээ 500-гаар өгөхөөс зовж байна


     Хувийн аж ахуйтай байсан цаг юм гэнэ. Дорноговь аймгийн Иххэт сумын уяач Адилбиш гэдэг хүн Хэнтийн Галшарын Намсрайгаас нэг сайн үрээ 500 төгрөгөөр авахаар тохирчээ. Намсрай Адилбишид “Чи манай адууг үзэж байгаад дуртайгаа ав” гэж. Адилбиш тэдний олон адуун дундуур явж бүгдийг шахуу үзээд сэтгэлдээ таарах юм олсонгүй. Харин худаг дээр охиных нь унаж ирсэн саарал үрээ Адилбишийн нүдэнд содон тусаж, түүнийг авъя гэжээ. Гэтэл Намсрай “Чи өчнөөн олон адуун дотроос очиж очиж үүнийг авдаг нь юу вэ? Би ийм даахитай үрээ 500-гаар өгөхөөс зовж байна. Чи авах гээд байгаа юм бол унаж яваа морио орхиод л ав” гэж гэнэ. Адилбиш тэр саарал үрээгээр азарга тавьсан нь хавчиг соёолонгоосоо эхлээд орон нутагтаа онц хурднаараа шалгаран нийтдээ 15 наадамд уралдаж 14 түрүүлээд жолоо тайлжээ. Энэ саарлын үр Зул хонгор тэргүүтэй олон хурдан азарга гарсан нь уясан эзнийхээ нэрийг аймаг орондоо төдийгүй Монгол даяар дуурсгасан гэнэм.

Хурдан морь судлаач А.Баярмагнайн “Түмний эх” номоос. 1989 он.