images

Марзан Шаравт өгсөн VIII Богдын бэлэг


     Иx Хүрээний Бизъяагийн аймгийн зураач Б.Шарав, VIII богдын зургийг олонтаа зурсан хүн юм. Шарав гуай Богд хааныг гамин цэрэгт баривчлагдаад шоронд хоригдож байсан 1920 оны хутагтад шанам малгай өмсүүлж, Их Хүрээний цамын гол чамбоны цамын бүжгийг дэглэн бүжиглэгч адилаар зуржээ. Богд хаанаас сүүлд Марзан Шаравт өгөөрэй гэж дүүрэн шар тамхитай, арван хоёр жилийн зураг дүрстэй шаазан хөөрөг, хятад маягийн хийцтэй зузаан цаасан ултай, дан сарьстай хар хилэн гутал, хорин таван лангийн мөнгөн ембүү ийм гурван зүйлийг дархан цорж Лувсандондовт өгсөн гэдэг. Тэр үед Шарав байгаагүй учир гэртээ хадгалж байгаад Шаравыг нэг ирэхээр нь дуудаж "Богд хаан чамд өгсөн юм. Үүнийг ав” гэсэнд Шарав эхлээд хөөрөгтэй тамхийг авч татсан, дараа нь гутлыг өмсөж, сүүлд нь мөнгийг өвөртөлсөн тул Дархан цорж болон цуг байсан хүмүүс бэлгэдэн магтаж "Манай Шарав урт удаан наслах нь бололтой. Одоо ч гадуур их тэнэж явахгүй байх. Ер нь мөнгөөр тасрахгүй явах бололтой" гэх зэргээр шинжлэн ерөөсөн гэдэг.

“Монголын Бурхан шашны аман түүх 2” номоос.