images

Манж амбаныг цочоосон унзад


     Хуучин Их хүрээнд сайн сайн дуутай унзадууд байжээ. Үүнд Дашчойнпэл дацангийн унзад Их Дандарлингийн аймгийн Цэдэндамбаа гэж унзад байсан, түүний дуу тухайн үед Дунд гол дээр байгаа хүнд тод гэгч нь сонсогддог байсан гэдэг. Мөн Цэцэн тойны аймгийн Муруйдаг Мөрдорж гэж аcap сайн дуутай унзад байжээ. Тэрбээр амаа муруйлгаж ном уншдаг хүн байсан учир Муруйдаг гэж нэртэй болсон. Ойр суугаа хунд дуу нь тийм ч чанга бус атлаа холдох тусам дуу нь улам чанга тод сонсогддог тийм дуутай унзад байжээ. Тэрбээр нэгэн удаа Богд уулын тахилганд хүрэлцэн ирсэн хятад амбаныг мандал өргөх үеэр цочтол чанга дуугарч, нөгөө амбан нь цочихдоо ар тийшээ савж унаж байсан гэдэг. Хожим тэр унзадаас хятад амбаныг яагаад цочоосныг асуувал "Хятад амбан намайг нэг айлгасан юм. Тиймээс би өшөөгөө авч, өмдөн дотроо шээс алдтал нь дуугаръя гэж бодсон юм" хэмээн ярьж байсан гэдэг.

     Дээр дурдсан Дандарлингийн аймгийн Цэдэндамбаа гуай сүүлд 1944 оноос хойно Гандан хийд дахин сэргэх үеэр хурсан гэнэ. Тэр үед урьдын нөгөө их чанга дуу нь байхгүй болсон байжээ. Тэгээд нэг хүн түүнээс "Таны нөгөө их чанга дуу яасан бэ?" гэж асуусанд "Тэр чанга дуугардаг маань Дашчойнпэлийн дуу байсан юм аа. Дашчойнпэлтэйгээ хамт хураагдсан гэж хэлж байжээ.