images

Шар нохойг хүндэтгэхийн учир


     Монголын Буддын шашны гүн ухаантан, Их Хүрээний Сүнгийн аймгийн гавж, “Сүнгийн анги лам” гэж алдаршсан Шагдар (1869-1934) хуучнаар Халхын Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу, эдүгээгийн Дорноговь аймгийн Иххэт сумын хүн юм. Анги лам Шагдар гуай багаасаа нохойд хайртай, нохойд хоол унд өгөх дуртай хүн байжээ. Тэр ямар учиртай вэ гэвэл эрт дээр цагт Энэтхэгийн их мэргэн Асанга буюу Пагватогмэд хэмээх лам Майдар бурхантай уулзана хэмээж арван хоёр жил ууланд бясалгал хийсэн боловч уулзаж чадсангүй. Ингээд цөхрөөд уулнаас буугаад явж байтал, бие нь өтсөн шар нохой таарчээ. Тогмэд тэр нохойг их энэрч, өтнөөс салгах аргыг эрэлхийлж. Нохойн биеэс өтийг шууд гаргаад хаячихаар өт үхчих гээд байдаг, өтийг хэвээр орхичихоор нохой үхэх гээд байдаг, аргаа барахдаа өөрийн гуяыг зүсэж, өтийг түүнд хийе гэж бодож, өтийг өөр зүйлээр авах гэхээр өт үхнэ гэж бодоод, амаараа өтийг авч хийхээр шийдэж, нүдээ аниад нохойн биеийг тэмтэртэл нохой баригдсангүйд гайхаад хартал, өмнө нь Майдар бурхан ирээд зогсож байхыг үзжээ. Тэрхүү өттэй нохой бол Майдар бурхан байжээ. Тиймээс Анги лам гуай Майдар бурханы тэр түүхийг шавь нартаа ярьж, нохойг Майдар бурханы хувилгаан хэмээн энэрч байхыг захидаг байжээ.

   Анги лам гуай таалал төгсөх үедээ шавь нартаа Миний биеийг оршуулах үед зүүн урд зүгээс хамуутай шар нохой ийш тийш харж, биеэ долоосоор хүрч ирвэл, намайг Майдар бурханы оронд төрсөн гэж мэдээрэй” хэмээн хэлсэн бөгөөд сүүлд нь хэлсэн бүгд ёсоор болсон гэдэг. Анги ламыг таалал төгссөний дараах ном буяныг хийж байх цагт нэгэн санваар сайт шавь нь Анги ламыг Майдар бурханы орон болох Гандангийн орноор дайраад диваажинд заларлаа гэж зүүдэлсэн гэнэ. Мөн Анги лам гуайн дотно найз, номын нөхөр болох Зава Дамдин гуайн зүүдэнд хэрхэн зүүдлэгдсэнийг ийн өгүүлжээ. “Миний зүүдэнд би (Зава лам гуай) Жадамбын судрыг барьж явсаар Майдарын ордны үүдэнд хүрэв. Ордны дотор талыг харахад хүн багтахаар зайтай санагдлаа. Дахин харахад Чин вангийн Дандар аграмба сууж байгааг харав. Түүнийг Майдар бурхан бодитой байна гэж санасан. Бас Эрхэмийн аймгийн багш Минжүүр, Сүнгийн аймгийн бага Дамбадаржаа зэрэг таньдаг дээдэс лам нар олон байгаа харагдав. Гэвч тэдний дундаас Сүнгийн аймгийн Шагдар нь намайг хармагц “Хүүе, миний дэргэд нэг хүн багтаах зай байна хэмээн хоёр нүдээрээ дохин зааж байгааг зуудлэв хэмээсэн байдаг.

“Монголын Бурханы шашны аман түүх 2” номоос