images

Гандангийн дэнжид гаднаас эмэгтэй хүн ордоггүй байлаа


Төв аймагт 1916 онд төрсөн Чойсүрэн агсан шавилан сууж байсан Сүнгийн аймаг, Дашчоймбэл дацангийн талаар ийн хуучилжээ.

     Манай аав ээжийн таньдаг лам Ганданд байсан юм. Тэнд намайг найман настайд хүргэж өгөөд би 19 нас хүртлээ ламынд тогоо бариад л, ном үзээд л суудаг байлаа. Багш Дашчоймбэл дацангийн шунлайв Вандан гэж хүн байсан юм. Намайг 19 хүрэхэд дацандаа суулгаж, тэнд гурван жил ном үзээд байтал өвлөөр багшийг минь бариад явсан даа. Би багшийнхаа дөрвөн ханатай гэрт ганцаараа үлдэж хоцорсон. Аав тэрийг хавар нь дуулаад эмээлтэй морь хөтөлж ирээд намайг авч харьсан. Тэгээд хоёр жил адуу маллаад 25 настайдаа цэрэгт татагдаж Халх голын байлдаанд орсон. Таван жил цэрэгт явж ирээд нэгдэлд ажилласан даа. Тэгээд 1991 онд дацангийн хурал дахин нээгдэхэд очих болсон юм. Намайг бага залууд Дашчоймбэл дацан олон ламтай, Гомбо сахиус гол шүтээн нь байлаа. Энэ дацанд орохоос өмнө би Сүнгийн аймагт олон жил хурсан. Сүнгийн аймаг болохоор цөөн ламтай, Лхам сахиустай. Хүрээнд 30 аймаг, гурван дацан байлаа. Гандангийн дэнжид гаднаас эмэгтэй хүн ордоггүй. Аав, ээж хоёр минь намайг эргэхээр аав гэрт ороод ирнэ. Ээж гудамжны адагт байх хүрдний тэнд суугаад үлдэнэ. Би тэнд нь данхтай цай, хэдэн боов барьж очоод уулздаг байлаа. Багш маань суллагдсаныг сонсоод би морь хөтөлж очоод хөдөө авчирсан. Тэгээд Дэлгэр-Өлзийтийн жасад багш насаараа суугаад 80 хэдэн настай жанч халсан юм.

Эх сурвалж: Сүм хийдийн товчоон