images

Лхагва юу, Сагва юу?


     Монголчуудын дунд Бат-Эрдэнэ, Мөнх-Эрдэнэ, Нандин-Эрдэнэ гэх мэт нэрс хамгийн түгээмэл байдаг ажээ. Үүнээс гадна Лхагва гэх түвд нэр үүнээс дутахгүй олон байдаг гэнэ. Лхагва нэртэй холбоотой нэгэн түүх ярихад солонгос хүмүүс энэ нэрийг огт дуудаж чаддаггүй. Гайгүй сайн монгол хэлтэй, олон жил Монголд амьдарсан солонгос хүн хүртэл энэ нэрийг дуудах гэж үйлээ үздэг. Солонгос хэлний онцлогийнх болов уу, Л, Х хоёр үсгийг залгаж дуудах болонгуут хэл нь хугарах шахна. Солонгосын Dankook их сургууль 1990-ээд оны эхээр анхлан монгол хэлний анги нээхэд зочин профессороор МУИС-ийн багш Б.Лхагва гуай уригдан ажиллаж байсан юм. Оюутнууд нь багшийнхаа нэрийг дуудах гэж сонин юм болно. Хагва, эсвэл Сагва гэх маягаар дуудна. Б.Лхагва багш тэнд хэдэн жил ажиллаж байгаад буцаж Монголдоо ирсэн ч удалгүй БНСУ-д суух элчин сайдаар дахин Солонгост очиж суув. Солонгосчууд мөн л манай элчин сайдын нэрийг дуудах гэж бас л хачин юм болдог байж билээ.

Д.Бизьяа