images

Богд уулын бодь мод


     Улаанбаатар хотын өмнө орших Богдхан уулын нэгэн аманд бодь мод гэгч ургадаг хэмээх яриа бий. Хуучин Их хүрээ гэж байх үед, одоогоос бараг нэгэн зуу гаруй жилийн өмнө болсон явдал ажээ. Их Хүрээний гучин аймгийн нэгэн болох Дархан эмчийн аймгийн лам, Их Хүрээний Дашчойнпэл хэмээх цанид дацангийн шавь, олноо Шижээ гавж хэмээн алдаршсан Агваанлувсандондовт тохиолдсон явдал гэнэ. Тэрбээр Их Хүрээний цорж Агваанбалдангийн шавь байсан ажээ. Анхан дацанд шавилан суугаад байх үедээ номын ухаарц өөрт нь нэг л орж өгөхгүй буюу багшийн зааж буй ном дасгалыг ойлгохгүй байжээ. Нэгэн удаа арванаараа (Арван гэдэг нь зиндаа дотроо арав арваараа хуваагдан номоо давтахыг хэлнэ) Богд уулын Нүхтийн аманд очиж хичээлээ давтацгаажээ. Тэр үед шар ногоон навч бүхий нэгэн мод Шижээ гавжийн замд таарсан тул шар навчнаас нь нэлээд их идээд, ногоон навчнаас нь багахныг идээд, биеэ орхимжоороо уг модтой хүлээд унтжээ. Тэгтэл зүүдэнд нь үзсэн ном нь ойлгогдон зүүдлэгдэж, түүнээс хойш номонд сайжирсан гэнэ. Тэрхүү мод нь бодь мод байсан бөгөөд шар навчийг нь идсэн хүн шашны номд сайжирдаг, ногоон навчийг нь идсэн хүн төрийн номд сайжирдаг хэмээх домогтой ажээ. Энэхүү бодь модыг хэрхэн олдог тухай өөр нэгэн яриа байдаг нь одоогийн Эх нялхсын эмнэлгийн ойролцоо нэгэн суварга байсан бөгөөд тэрхүү суваргыг хэдэн өдөр тойрч эргэсний хойно урд Богд ууланд гэрэл харагддаг. Тэр гэрлээр баримжаалж очвол бодь модыг олдог гэсэн яриа тархсан байжээ. Тойрдог байсан суваргын тухайд хүмүүс янз бүрээр ярих бөгөөд зарим нь Жарун хашорын суваргыг гэдэг, зарим нь бодь суваргыг эргэдэг байсан гэж хэлдэг. Жарун хашорын суварга нь одоогийн МҮОНТ-ийн орчим байсан, бодь суварга нь одоогийн Эх нялхсын эмнэлгийн урд тал орчимд байсан гэдэг.

Дашчойнпэл дацангийн лам Б.Очирбатын 1996 онд ярьсан болон Ламрим дацангийн ловон лам Н.Дашзэгвийн “Хүрээ дөрвөн уул" хэмээх номд бичсэнийг найруулсан нь. “Монголын Бурханы шашны аман түүх 2” ном.