images

Хөөе, чи тэр хонины мах, айраг төлж өгөөрэй


     Ванчинхүү арслан бол хүнийг хөгшин залуу, дарга цэрэг гэж ялгадаггүй, хэнтэй ч эелдэг харилцдаг, зөөлөн намуухан дуутай хүн сэн. Баян-Өлгий аймгийн намын хорооны I нарийн бичгийн дарга байхдаа хөдөө ажлаар явж байгаад Оспаныханд бүслэгдчихэж. Тэгэхэд ер айж сандарсан шинжгүй тэдэнтэй холоос хасгаар ярилцаж эхэлжээ. Ийн ярилцсаар байгаад тэднийг уярааж амьд мэнд гарсан гэдэг. Дараа нь Булган аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга хийж байв. Нэг жилийн зун улсын наадам дөхөөд, залуучууд гудамжаар хөлхөлдөөд, сураг сонсвол тэд хот руу наадамд явах гэнэ. Тэднийг бүгдийг нь явуулчихвал мөд эргэж ирэхгүй, намрын ажил цалгардахад хүрнэ гэж бодон залуучуудыг дуудаж уулзаад “Барилдаад намайг давсан хүн л наадам явна шүү” гэж хэлээд тэднийг дагуулан аймгийн тусгай хэлтсийн хашаан дотор очоод өдөржин барилдаж. Ганц хоёр залуу л Ванчинхүү гуайг өвдөг шороодуулж наадамд явах дархан эрх олж авчээ. Тэдгээр залуучууд Ванчинхүү гуайг улсын хурц арслан цолтойг мэддэггүй байж л дээ. Түүний бичсэн “Монгол бөхийн мэх” ном бий. Ванчинхүү гуай албан өрөөндөө биднийг дуудан бөхийн мэх зааж алжаалаа тайлдаг сан. Ардын хувьсгалын 25 жилийн ой дөхөж байв. Ванчинхүү гуай ажилдаа ирэхээ байчихлаа. Сураг сонсвол Нүхтэд тусгай гэр бариулан айраг сөгнүүлж, уул өөд мацан мод чулуутай ноцолдож наадмын бэлтгэл хийж байгаа гэнэ. Наадам боллоо. Гурвын даваа эхлэв. Ванчинхүү гуай жавхалзаад л Намын төв хорооны нэрийн өмнөөс гарч ирэв. Тэгсэн чинь ам угтуулдаа өвдөг шороодож орхилоо. Тахимаа өгөөд урамгүйхэн эргэж яваа харагдана. Бөхийн асарт маршалын хажууд сууж байсан Ч.Сүрэнжав “Хөөе Ванчинхүү, чи тэр хонины мах, айраг төлж өгөөрэй” хэмээн хошигноход асарт байсан бүх хүмүүс нирхийтэл инээлдэж билээ. Маршал ч мөн адил ихэд баясгалантай инээж суудаг сан.

Утга зохиол судлаач Г.Жамсранжав. “Миний хувь тавилан” номоос