images

Бажууны навчтай цайгаар маршалыг дайлсан нь


    Дөрөвдүгээр сарын эхээр маршал Чойбалсан Сайншандад ирэв. Түүнд бараа болж тийм олон хүн ирсэнгүй, үдэж угтах гэж одоогийнх шиг хөл хөөрцөг болсонгүй. Маршал аймгийн төвд ирчхээд маргааш нь Даланжаргалан, Ихжаргалан, Айраг сумд руу явав. Аймгийн дарга Ёндонжамц бид хамт явлаа. Олон айлаар орлоо. Зудад малаа үхүүлснээрээ тэр энэ гэхээргүй цөм ижилдүү. Хүн болгон л уруу дорой, зовлон тоочицгооно. Тийм нэгэн айлд орлоо. Тэднийх адуу, үхрээ өвлийн шуурганд алдчихаж. 300 орчим хонь үхүүлжээ. Үлдсэн хэд нь бэлчээрт идээшилж харагдана. Дугуй хээтэй хул торгон дээлийг ногоон дурдан бүсээр ороож ботгон малгай духдуулсан маршал тэр айлын баруун хойморт ширдэг дээр завилан суув. Гэрийн эзэн аманцар авгай хэдийд ч юм хатаасан бажууны навч буцалган аягалав. Маршал түүнийг нь хэнэг ч үгүй оочих зуур баруун хаяанаа уяатай хэдэн хургыг ажиглан:

- Малын жилбэ ямар байна? гэв. Авгай:

- Муу муу, бараг байхгүйтэй адил гэв. Маршал: 

- Танайх чинь цай байхгүй юу гэж лавлав. Авгай:

- Та ямар сонин юм асуудаг хүн бэ? Манайх цайны бараа харалгүй хоёр гурван сар боллоо. Хураасан жаахан өөх тос, сорсоо бут бударгана, дэрстэй хольж малдаа өгсөөр байгаад дууссан гэх мэтээр зовлонгоо тоочив. 

    Маршал гэрийн доторх тавилга, ор дэвсгэрийн байдлыг ажиглана. Бурханы том гуу дотор Чойбалсан, Лхагвасүрэн хоёрын зураг харагдана. Маршал идэш, үүц, гурил будаа сонирхов. Авгай:

- Манайх идэш үүцээ бэлдэж амжилгүй малаа шуурганд алдчихсан. Та гурил будаа гэв үү? Тэр чинь байхгүй. Би тамхи татдаггүй. Харин манай өвгөн татдаг юм. Тэр нь олдохгүй туулайн хорголоор л аргацааж байх шиг харагдах юм гэв. 

    Маршал хэзээний малчин хүн шиг тэр авгайтай ярилцаад хөдлөв. Аймгийн дарга машиндаа суух зуураа авгайд хандан:

- Та энэ хүнийг танихгүй байна уу гэхэд авгай:

- Үгүй чиш. Хэн юм бэ, энэ чинь. Манай аймгийн дарга уу? гэв. Дарга:

- Аймгийн дарга чинь би байна. Энэ хүн бол маршал Чойбалсан байхгүй юу гэв. Нөгөө авгай “Юу?” гээд бидэн рүү том харснаа гараараа саравчлан маршалын хойноос харж “Хэлэхгүй яасан юм бэ” гэж аман дотроо бувтнаснаа гэр лүүгээ гүйн орж гуулин бүслүүртэй зэс домбонд уудалсан нөгөө буцалгасан бажуунаараа цацал өргөж билээ.  

Утга зохиол судлаач Г.Жамсранжав. “Миний хувь тавилан” номоос