images

Догширсон сахиусаа шийтгэсэн нь


     Их Хүрээний Хувилгааны аймгийн Дашдорж гуайн тухай хууч яриа их байдаг. “Таван хааны сахиусны хувилгаан”, “Намсрай бурханы хувилгаан” гэгддэг байсан энэ хүн VIII Богдын үед амьдарч байжээ. Хүрээ хийдийн лам нар зиндаагаар цугларах буюу найр наадам хийх, хурал ном уншсаны дараа Дашдорж гуайн тухай хуучилдаг заншилтай байв. Дашдорж гуайн тухай ярихаар аливаа саад тотгор, гай гарз арилдаг гэж үздэг байсан учраас тэр гэнэ. Дашдорж гуайн тухай нэг хуучийг энд толилуулья.

    Нэг удаа хавар цаг Дашдорж гуайн арын гудамжны залуугийн бие их муудаж, үхлүүт болж гэнэ. Эх нь сандарч тэвдэж, хавийн мэргэдээс асуухад “Гомбо сахиус хилэгнэсэн байна” гэдэг ганц хариулт өгдөг гэнэ. Тэгэхлээр том том хийдүүдийн Гомбо сахиуснуудын хилэгнэсэн эсэхийг узэхэд, бүгд зүгээр байна гэнэ. Дараа нь Гомбо сахиустай айлуудыг сураглахад, Дашдорж гуай Гомбо сахиустай байжээ. Ингээд Дашдорж гуайд “Танай Гомбо сахиус хилэгнэсэн учраас таны хойд айлын залуугийн бие муудаж үхэх гээд байна” гэж хэл иржээ. Тэгээд бие нь өвчтэй буй хүүгээс нэг хүн:

   - Чи Дашдорж гуайд ямар муу зүйл хийснээ санаж байна уу гэж асуутал, өвчтэй хүү:

   - Би эдний хашааны ар руу гэрийнх нь тус газар угаадсаа өвөлжин асгасан гэжээ.

     Дашдорж гуай дээрх учрыг өөрөө огтхон ч мэдээгүй бөгөөд гагцхүү өнөө маргаашгүй үхэх болсон өвгөнийг өмөөрч, хайран сайхан залуугийн аминд хүрэх гэлээ гэж гуутай Гомбо бурханаа үүдний тотгоноос уяж, гарсан орсон хүн толгойгоороо цохиж мөргөн шийтгэл үзүүлэх байдалтай болгон дүүжилж, өөрөө бие муу хүү дээр очин ном уншиж толгой руу нь үлээн эдгэрүүлээд, хүүгийн хөлс чийхарч бие нь тавираад нүдээ нээхэд “Хүүгийн минь бие яаж байна?” гэж асууж байсан гэнэ. Ийм сайхан сэтгэлтэй, эрдэм номтой, хувилгаан хүн Монголд олон байсны зөвхөн нэг нь энэ хүн байжээ.