images

Хар гэрээс гарсан нь


Ховд аймгийн Мөнххайрхан суманд суугаа зохиолч, яруу найрагч С.Бүрнээ хуучилсан нь:

            1930-аад оны эхээр Ардын засгийн бодлого өргөн уудам Монголын газар орон бүрт хэрэгжих болж алс баруун хязгаарын Ховд аймагт өнөөгийн Мөнххайрхан сум анхлан байгуулагджээ. Сумын даргаар Уртнасан гэдэг хүн томилогдов. Дунд Сэнхэрийн голын хаяан дээр сум орноо байгуулж төвхнөх болоод сумын дарга ч ажил албандаа шамдан оржээ. Сумын төв гэвч барилга байшин барьж амжаагүй, хэдэн гэртэй. Нүүдэлч малчид мэдээж сумын төв дээр бөөгнөрөн суух аргагүй, ялангуяа зун болонгуут айлууд бүгд малынхаа аясыг даган уул руу нүүж одно. Ингэхээр сумын дарга ганцаараа төв дээрээ суугаад байх нь утгагүй тул малчдаа даган нүүж очдог байжээ. Дарга нь иргэдээ даган нүүнэ гэдэг бол ёстой юунд ч захирагддаггүй нүүдэлчдэд л байж болох хэрэг гэлтэй.

              Нэгэн зун дарга нь айлуудаа даган нүүж Долоон нуур хэмээх газар зусаж байжээ. Даргын гэр мэдээж өөрийнх нь албан оффис ч болно. Хажуудаа бас нэг гэр авч явдаг байсан нь тухайн үедээ бол хар гэр, өнөөгийнхөөр бол хэрэгтэн түр саатуулдаг газар байжээ. Мөнөөх “хар гэр”-тээ хэрэг төвөг тарьсан хоёрын зэрэг эрийг хорьчихсон байж байтал маш хүчтэй шуурга болоод хар гэрийг нь хийсгэж орхиж. Дотор нь суусан хоёр “хоригдол” яахаа мэдэхгүй гэсэн байснаа юутай ч даргад очиж хэлье гэж ярилцаад даргынхаа гэрт очжээ. Даргын гэр, хар гэр хоёр нэлээд зайтай байсан гэнэ. Хориотой байсан хоёр хэрэгтэн гэнэт явж ороход дарга нь гайхаж, яагаад ирснийг нь асуув. Нөгөө хоёр ч болсон явдлыг ярьжээ. Дарга ч нилээд харамсангуй байдлаар “Хайран гэр, хайран гэр. Ингээд нийгмийн өмч сүйддэг байж. Юу ч үлдэлгүй хэмхэрч орхисон уу?” гэж асуухад нөгөө хоёр нь “Гайгүй дээ, тэгтлээ их эвдэрч сүйдээгүй” гэж хариу хэлжээ. Дарга “За та хоёр яваад гэрээ эвтэйхэн буулгаж хураагаад, туургаар нь сайн хучиж орхиод ир” гээд явуулжээ. Хоёр хэрэгтэн эр даргынхаа хэлсэн ёсоор хар гэрээ буулгаж хураагаад сайтар хучиж чулуугаар даруулж орхиод эргэж иржээ. Дарга юу ярилгүй чимээгүй суугаад байх юм гэнэ. Юу хэлэхийг хүлээж нэлээд суусны эцэст нөгөө хоёр тэвчээр барагдаад “Одоо бид хоёр яах вэ?” гэхэд нь дарга хэсэг бодож сууснаа “За за, харь харь. Дахиж хэрэг төвөг гаргавал дэмий шүү!” гээд явуулсан гэдэг.