images

Доль Дэмбэрэл


     Хүрээний Шүтээний аймгийн доль Дэмбэрэл гэж дөч гаруй настай ядуувтар лам байлаа. Жанч морон дээрээ тавиад, хуралд хураад явдаг юмсан. Нэг муу хонин хашаатай, хар гэртэй, өөр юу ч үгүй ийм лам байлаа. Дүйнхэрийн да лам Пунцагдоржийн цуг суудаг нэг лам өвдөөд байжээ. Да лам Пунцагдорж хүнээс аврал асуугаад засарч өгөхгуй болохоор доль Дэмбэрэлийг аргагүй тустай хүн гэж залж аваачиж гэнэ. Тэр лам очир гүйлгэдэг, хараал олдог хүн юм гэнэ.

   Доль Дэмбэрэл очир гүйлгээд, Пунцагдорж да ламын төрсөн дүү Цэвэг гэдэг ламыг хараал хийжээ гэж Пунцагдоржийн гэрийн шалны доороос элдэв зай, увдисын юмыг олж гаргаж гэнэ. Тэгээд Дүйнхэрийн да лам их биширч дээ. Дүү Цэвэгийн өмч хувийг салгаж өөр хол газар зайлуулж байсан юм. Үүнээс хойш Дэмбэрэл хараал олдог ба хараалыг хариулдаг хүн гэж олонд алдаршив. Дүйнхэрийн да лам, Богдод хүртэл айлтгасан юм байжээ. Богд тэр Дэмбэрэлийг залж, Зайсангийн амнаас хараал олуулж байсан гэдэг. Тэр хараал нь шаазан өвгөн дотор Эх дагинын нэр, жилийг муу зайн хамтаар хийсэн байсан гэдэг. Тэгээд Богд их итгэж бишрээд, доль Дэмбэрэлд хувилгаан ямба өргөв. Олон хунд залагдаж, их олз олж баяжив.

   Хэдэн жилийн дараа Сайн ноён хан Намнансүрэн өвдөв. Доль Дэмбэрэл да ламын дэргэд байдаг Шагдарын хамт Богдын зарлигаар Сайн ноён ханд хийсэн хараалыг олох гэж өөртөө улаа хөсөг, хөтөлтэй гарч өгөв. Тэд очоод очроо гүйлгэж “Сайн ханд тэр хараал хийж, энэ хараал хийж” гэж хорь гаруй хүнийг алуулсан гэнэ билээ. Сайн ноён ханы хойд эхийн талын отог баг улс байдаг байжээ. Сайн ноён хан үхвэл тэр хойд эхийн талын хүмүүс эрхийг барих юм байжээ. Тэднийг Сайн ноён ханд хараал хийж гэж алуулсан юм.

   Сайн ноён хан “Миний хойд эх бол миний эх юм. Надад хар буруу саналаа ч гэсэн би эхийгээ алуулахгүй” гэж хэлсэн юм гэнэ билээ. Тэр үгийг хайхрахгүй “Чи хараал хийлгэсэн хүн” гэж хойд эхийг нь алсан юм. Тэр ч тус болсонгүй. Сайн ноён хан удалгүй үхлээ. Дэмбэрэл ч Хүрээнд ирээд удалгүй үхлээ. Түүнээс хойш Сайн ноён ханы хошуунд их ган зуд болж, хошуу хотлоор доройтсон юм. Түүнийг угаас буруу хэрэг хийсний харгайгаар ийм муу учрал болов гэж ярьж байсан. Хүрээний лам нарын ярьж байсан нь “Хүрээнд муу хүн ирж Хүрээний нэрийг бузарлав. Дэмбэрэлийн хараал олдог нь худал” гэж ярьж байсан.

Х.Сампилдэндэв. “Монгол хууч ярианы дээж” (2003 он) номоос.