images

Сталинтай уулзсан нь


Улсын Бага Хурлын дарга, Ардын журамт цэргийн партизан Гончигийн Бумцэндийн дурсамж

     Би чинь Улс төрийн товчооны гишүүн, Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн дарга гээд мундаг тушаалтай хүн шүү дээ. Гэхдээ залуус та нар шиг эрдэм ном сурч гийгүүлээгүй, бичиг үсэг гадарладаг жирийн л нэг өвгөн. Үзэж сонссон, учирч тохиолдсоныгоо ямар нэгэн нэмэр хачиргүй ярья.

     Дэлхийн 2 дугаар дайны үеэр фронтод бэлэг хүргэж очсон бидний төлөөлөгчдийг Сталин хүлээж авахаар боллоо. Болзсон цагаас хэдэн минут түрүүлж ч, хоцорч ч болохгүй гэнэ. Бид яг хэлсэн цагт нь очицгоов. Биднийг алтадмал гоё танхимд оруулав. Шал нь толь шиг юм. Бид нэг эгнээ болж цэрэг шиг зогслоо. Эхний эгнээнд Маршал Х.Чойбалсан, дараа нь би зогсов. Чойбалсангийн баруун талд том хаалга байна. Тэр хаалгаар л Сталин орж ирэх байх гэж бодлоо. Сталины гарыг хөлстэй гараараа барьчих вий гэж бодохоос хөлрөөд болдоггүй. Тэгтэл Чойбалсан намайг тохойгоороо ёврон “Чи зүгээр бай” гэж шивнэлээ. Тэгтэл зүүн гар талд минь зэрэгцэн зогссон Сүрэнжав гарыг минь аяархан няслав. Эргээд хартал дээд уруулдаа өтгөн хар сахалтай, том хамартай, дунд зэргийн нуруутай мариалаг хүн гараа сарвайж байна. Сталин дүрээрээ мөн. Сандраад л гарыг нь атгав. Тэгэхнээ Сталин өөр хаалгаар орж ирээд эгнээний зүүн гар талаас хүн бүртэй гар барьж мэндчилсээр ирсэн нь тэр байжээ. Ингээд өөр нэг өрөөнд биднийг дагуулан орж найрсаг яриа хөөрөө өрнүүлэв. Бидний яриа Монгол орны байдал, ард түмний аж амьдрал, соёл боловсролын тухай өргөн сэдвээр өрнөж билээ. Дараа нь кино үзүүлэв. Урд орой нь бууж өгсөн юм гэнэ, Германы фельдмаршал Паулюс том нүхнээс гарч ирж байгаа нь кино дэлгэцнээ харагдана. Түүнийг хараад Сталин “Хөгшин чоно” гэж заналтай хэлж билээ.

Г.Жамсранжав. "Миний хувь тавилан" номоос