images

Ж.Намсрай: "Миний амьдрал жаргал, зовлон ээлжилдгийн жишээ"


Монгол улсын гавьяат тээвэрчин, өндөр настан Жаарайн Намсрай гуай бага нас, ажил үйлс, алдар гавьяаны оргилд хүрсэн замналынхаа тухай ийн хуучилжээ.

     Бага наснаасаа эцэг эхээсээ өнчин хоцорч элдэв зовлон зүдүүр үзэж, өлсөж даарч ажлын аль хатуу хүтүүг хийж явсан нь эцэстээ төрдөө ажил хөдөлмөр хийхэд бие бялдраар ч сэтгэл санаагаар ч бэлдэж өгсөн хэрэг байж. Би Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрж өссөн хүн. Намайг бага 8 настай байхад манай нутагт хасгийн дайн ирж хамаг малыг дээрэмдэн тууж явсныг би нүдээрээ үзсэн. Бортын бэлчирт 50 гаруй морьтой хасгууд ирж айлуудын гэрийн дээврийг морин дээрээс ташуураар сөхөн хүн байгаа эсэхийг хараад, хүн байвал хөөж гаргаад гэрт нь орж өнгөтэй өөдтэй бүхнийг нь хуу хамдаг байлаа. Мэргэний хоёр залуу хоёр хасаг алж гэнэ гэсэн яриа гарч бид нар урагш зугтаж чийчааны замд ойртохгүй бол биднийг алж дуусгана хэмээн томчууд ярилцаж байв. Тэр шөнөдөө урагш гарч нэг улаан уулын энгэрт хонолоо. Бага насны хүүхдүүдийг зэрэгцүүлж хэвтүүлээд унтуулсан санагдана. Өглөө босоход хоёр залуу Бортын бэлчир ороод ирсэн, Цогт гүний самганы гэрийн ар талд Живаа ламыг алсан байна гэж ярьцгаагаад тэр өдрөө Ендэрт рүү явган нүцгэн явцгаалаа. Нэг авгай амаржаад ганцхан хоносон байлаа. Ламаасайгийн ам гэдэг газар ирцгээлээ. Тэнд нэлээд хэд хонож байтал “Эр хулан” (Аэроплон буюу нисэх онгоцыг хэлж буй хэрэг) дээгүүр нисээд өнгөрөв. Ёл шувуу шиг цагаан толгойтой, чанга дуутай, яг л шувуу шиг санагдсан. Тэр “эр хулан” хасгуудыг бөмбөгдөж явсан нь тэр байжээ. Удалгүй ногоон малгайтай хүмүүс ирж хасагт алдсан мал бүртгэж, нэг айлд 1 морь, тугалтай үнээ, 5-6 бог мал өгсөн.

     Дараа жил нь би Манхан сумын нэг айлд зарцлагдаж мөн ч их ядарсан сан. Тэр айл намайг нүд нь их цовоо юм, мал хариулаад байж дөнгөх байх гэж ярьж байсан нь санаанд үлдэж. Тэр айл намайг их зоддог байснаас болж би олон удаа оргосон. Оргож явахдаа шөнө даараад борог өвс зулгаан доороо дэвсээд хэвтэхэд арай гайгүй дулаахан болох шиг санагддаг байж билээ. Өвөл нь оргож явсаар нутгийнхаа Баатар гэдэг айлд ирж хэсэг суугаад дараа нь багийн дарга Таяын Гомбожавынд ирж хэсэг суув. Тэр айлын хүн намайг Алагийн аманд дагуулан очиж сумын дарга Чогровтой уулзуулж учир зовлонг минь тоочин хэлж өгөөд улмаар сургуульд явуулахаар болов. Энэ үед би бие даагаад бичиг үсэг сурсан тул багийн даргад малын тоо толгой, албан журмын ногдол бичиг данс хөтлөх зэргээр байнгын ажилтай болов. Хоол ундтай, унтах орон гэртэй сайхан санагдаж байж билээ. Сүүлдээ Дуут сум руу ирж өөрийн эгчийндээ сууж баг бригадын ажил хийж, малын ногдол, албан журмын гэрээ биелүүлэх гээд төрийн ажлын ачааг үүрч явсан билээ. Улмаар удалгүй цэргийн албанд мордож армид авто жолооны сургууль төгсөж жолооч болсноор Сулинхээрийн отряд, Баян-Өлгийн Даянгийн застав, Цагааннуурын байцаан өнгөрүүлэх пост зэрэг газарт 11 жил жолоочоор ажиллаж, Ховд аймгийн Авто тээврийн 4-р баазад тээврийн жолоочоор 31 жил, улсад нийтдээ 42 жил ажилласан билээ. Төр улсаас миний хөдөлмөр зүтгэлийг үнэлж “БНМАУ-ын гавьяат тээвэрчин” цол, Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор 2 удаа шагнасан юм. Өсөх насандаа хорвоогийн хатуу бэрхийг үзсэн ч өтөл насандаа алдар хүндийг хүртэж жаргаж суугаа минь хүний амьдралд жаргал зовлон ээлжилдгийн жишээ болов уу гэж боддог.