images

Үхрийн арьсаар унаа хийж эмнэлэгт хүрсэн нь


Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат “Гоо хөл” хэмээх хочтой Төмөр гэгч эр өөрт тохиолдсон адал явдлын тухай хуучилсан нь.

     “Гоо хөлm” гэдэг нь гоо сайхан гэсэн үг биш юм. Төмөр гуай бага залуудаа хөлөө өвдгөөр нь хүнд гэмтээсэн бөгөөд эдгэхдээ өвдгөөрөө нугардаггүй болжээ. Түүний нугардаггүй энэ хөлийг нутгийн урианхайчууд “гоо” хэмээн нэрлэсэн нь тэр. Булган сумын нутагт өвөлд цас их унадаг болохоор тэндхийн малчид ихэнхдээ Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутагт орж ирж өвөлжөөд хавар тийш буцна. Төмөр гуай нэгэн өвөл нутгийн нэгэн залуугийн хамт малаа авч Мөнххайрхан сумын нутагт ирж “Шагайн орой” хэмээх хачин хэц өндөрлөг нуруунд отор хийн өвөлжиж байжээ. Ойр хавьд айл амьтангүй зэлүүд нутаг байв. Хаврын урь орж Цагаан сарын шинийн нэгний өдөр болов. Сар шинэ гарч байхад залуу хүн ганц нэг айлаар орж хүн хартай уулзаж хэд хоног наргиж цэнгэж яваад ирэг гээд нөгөө залуудаа “чөлөө олгож” явуулжээ. Ийнхүү суурь хонио хэд хоног хариулах үүрэг хүлээн ганцаар үлджээ. Өглөө эрт хонио бэлчээн дагаж явсаар үд хэвийсэн хойно гэрийн зүг эргүүлж орхиод мориноосоо буун хад нөмөрлөн сууж байтал хоньд нь үргэх чимээ гарчээ. Ухасхийн босож хартал хонь руу нь чоно дайраад, бүр нэг хонь хэдийнэ унагаж авсан байжээ. Шалавхан мориндоо мордож чанга хашхиран морио давиран ухасхийтэл хаврын эцсэн морь нь сүрхий харайлгаж явснаа чулуунд бүдрэн тэрий хадан унаад хэц газар хэсэг гулгаад зогсжээ. Нөгөө гэмтэлтэй хөл нь мориндоо дарагдан тэсэхийн аргагүй янгинан өвдөнө. Морь нь боссон хойно нөгөө муу хөлөө татаж үзтэл нугардаггүй үеийнхээ дээд талаар, өөрөөр хэлбэл өвдөгнийхөө дээхнүүр хугарсан байжээ. Өвчиндөө шаналан яах тухайгаа бодон хэсэг хэвтээд хүн амьтны бараа сураггүй зэлүүд уулын мухарт хугархай хөлтэй ганцаар байгаагаа бодоход юун түрүүнд яаж амьд үлдэх тухай л бодогдож эхэлсэн гэдэг. Ингээд хүчлэн байж морь луугаа мөлхөж очоод дөрөөнөөсөө зүүгдэн байж эмээлдээ байсан суран бугуйлаа мулталж авчээ. Тэгээд урт гонзгой чулуугаар хөлийнхөө хугарсан хэсэг дээр чиг тавьж суран бугуйлаараа чивчиртэл чанга ороогоод авчээ. Морио хөтлөн мөлхөж явсаар өндөрхөн чулуутай морио зэрэгцүүлээд чулуун дээрээ мөлхөн гарч эмээлийнхээ бүүргэнээс атган зүтгэсээр байгаад юутай ч морин дээрээ гарч авчээ. Морин дээрээ мордсон хэрэг биш зүгээр л эмээл дээрээ тэгнэн хэвтээд авсан хэрэг юм. Ингэхэд морь нь аяндаа гэрийн зүг гэлдэрч эхэлжээ. Хариулж явсан хоньд нь бараа сураггүй, бодвол гэрийн зүг одсон бололтой. Ийн гэлдрүүлсээр отрын жижиг гэрийнхээ гадаа ирэхэд бүрэнхий нөмөрч байсан бөгөөд мориноосоо буух гэж бөөн дажин болж. Арга ядаад эрүүл хөл талаараа зүгээр л унаад өгчээ. Морио тэр чигт нь орхиод мөлхсөөр гэртээ орж ирээд гал түлж цай чанаж уухад бие нь бага зэрэг тавирах шиг болсон гэнэ. Гэхдээ л өвчин шаналгаа нь тэсэхийн аргагүй байжээ. Халуун цай сайн ууж аваад оторт гарахдаа ханиад томууны үед хэрэг болох байх хэмээн бэлдэж харсан эмийн уутаа онгойлгон ханиадны, халууны, толгойны гээд байсан хэдэн эмээсээ хэд хэдийг давхарлан ууж орхиод орондоо оржээ. Гадаа хонь хотондоо ирж байгаа бололтой малын хөлийн чимээ гарна. Саяхан уусан олон эмэндээ цохигдоод тэр үү унтсан, ухаан алдсаныг бүү мэд нэг сэрж ирэхэд өглөө үүр цайж байсан гэнэ. Босож мөлхсөөр гал ноцоон цай чанаж уугаад байтал нар мандаж удалгүй хоттой хонь нь бэлчээрт гарч байгаа бололтой малын хөлийн чимээ шуугин байснаа намжжээ. Өдөр тийш жаахан хоол хийж идээд дахин бөөн эм давхарлаж уугаад хэвтэж өдрийн бараад байтал оройхон тийш бэлчээрт гарсан хоньд ч хотлоод ирж. Энэ мэтээр дахин нэг хоносон хойно хамтрагч залуу нь иржээ. Машин унаа явах аргагүй тэрхүү өндөр алтайн шилээс нөгөө залуу нь арайхийн төв суурин газар луу хэл хүргэжээ. Тэрхүү өндөр шилээс бууж машин замтай газар хүртэлх замын бартаа гэж хадан ангал, эгц хадан хясаа голлоно. Ингээд амьд хүн аргатай гэгчээр Төмөр гуайг хөлдөөж тэлсэн үхрийн арьсан дээр суулган уул руу чирсээр арайхийн машин замтай газар хүргэж эмнэлэг бараадуулсан гэнэ. Өөрөө энэ тухайгаа дурсан ярихдаа хар сарлагийн арьс унаж давхисаар сумын эмнэлэгт ирж аврагдсан шүү хэмээн чанга гэгч инээж байдагсан.