images

Цоож тайлдаг Сэмбэхүү


     “Цоожны өргөс гаргаж чаддаг хүн бас байх юм. Манай Төв аймгийн Дэлгэрхаан суманд Сэмбэхүү гэдэг нэг өвгөн одоо бий. Сэмбэхүү зүгээр л хар хүн, жаахан ан хийдэг. Сайн бууч юм. Ном эрдэм байхгүй ийм л хүн юм. Би ойр нутагтай болохоор аргагүй сайн танина. Гэрээр нь орж гардаг л байлаа. Арваад жилийн урд юмсан. Тэр Сэмбэхүүг цоожны өргөс гаргаж чаддаг гэж яриад байх боллоо. “Тийм багаж зэвсэгтэй юм байлгүй гэхэд “Үгүй, багаж зэвсэг хэрэглэхгүй, зүгээр л үлээгээд цоожны өргөс гаргачихдаг” гэж ярих юм. Түүнийг нэг шалгаж үзье гэж боддог байлаа. Нэг өдөр манай эхнэр авдраа уудалж байтал, авдар дотроос нэг хуучин цоож гарлаа. Аргагүй сайн цоож юм. Түлхүүрийг нь аль хэдийнэ гээчихсэн юм. Тэр цоожийг хараад гэнэт би энэ цоожийг Сэмбэхүүд үзүүлье гэж бодлоо. Тэгээд тэр цоожийг аваад, дэрэн доороо хийчхээд байлаа. Сэмбэхүүг манайд нэг ороод ирэхлээр би “Энэ цоожны түлхүүрийг гээчихсэн юм. Уг нь сайн цоож байгаа юм. Үүний өргөсийг гаргах арга байна уу?” гээд Сэмбэхүүд өглөө. Сэмбэхүү тэр цоожийг бариад жаахан эргүүлж тойруулж үзэж байгаад надад өргөс, цоож хоёрыг хоёр болгож салгаад өглөө. Чухам яаж гаргасныг би харж чадсангүй. Гартаа хөөрөг, эрих хоёроос өөр багаж байхгүй л юм шиг байх юм. Би тэгэхлээр өнөөх цоож, өргөс хоёроо барьж үзэж байгаад, зориуд цоожлоод “Би санамсаргүй цоожилчихлоо” гэж худлаа хэлээд эргүүлээд өглөө. Сэмбэхүү цоожийг аваад үзэж байна. Би хулгай нүдээр ажиглаад л байлаа. Сэмбэхүү ямар ч багаж үгүй хоосон гараар цоожийг барьж байгаад нэг үлээх шиг болоод цоож, өргөс хоёрыг салгав. Сэмбэхүү цоож, өргөс хоёрыг ямар ч багажгүй салгаж чаддагийг би ингэж нүдээр үзсэн дээ. Цоож, өргөс хоёр салсан болохоор өргөсийг нь харж байгаад түлхүүр хийж тааруулсан. Тэгээд Сэмбэхүүгийн ачаар бүтэн цоожтой болох нь тэр дээ. Зориуд туршиж байна гэж мэдвэл тэр цоож, өргөс хоёрыг салгаж өгөхгүй байх. Хэрэв Улаанбаатарт Сэмбэхүү хүрч ирвэл, би түүнийг танайд аваад ирье. Та түлхүүрийг хаячихсан гэж нэг цоож өгөөд шалгаж үзээрэй. Тэр лав салгаж чадна”.

Х.Сампилдэндэв. “Монгол хууч ярианы дээж” (2003 он) номоос.