images

Фото биш


   Анх харахад фото гэж андуурмаар энэ зураг үнэндээ бол ердийн харандаагаар зурсан зураг юм. АНУ-ын Вашингтон мужийн Сиэтл хотын уугуул Киган Холл 76×56 хэмжээтэй энэ зургийг зурахад 250 цаг зарцуулсан бөгөөд түүний хамгийн алдартай зургийн нэг ажээ. 1988 онд болсон цагариганд довтлох тэмцээний үеэр домогт Майкл Жорданы үзүүлсэн түүхэн гайхамшгийг дүрсэлсэн энэ зургийн нэр “Taking flight”.    

   1981 онд Сиэтлд төрсөн К.Холл Вашингтоны Урлагийн сургуулийг дүүргэсэн боловч мэргэжлээрээ ажиллалгүй бизнесийн салбарт хөл тавьж, багагүй ч амжилт олж байтал 2015 онд ээж нь хүнд өвчнөөр нас баржээ. Ээжийгээ алдсан явдал түүнд маш хүнд туссан бөгөөд хүүгээ авьяастай гэдэгт эргэлзээгүй итгэдэг, зураг зурахад маш дуртай байсныг нь өдөр шөнөгүй бодсоор К.Холл эрс шийдвэр гаргаж мэргэжлийн ажилдаа эргэн оржээ. Энэ үед тэрбээр зураг зуралгүй 10 жил болсон байв.

   К.Холл спортын хорхойтон тул төрөлх хотынхоо “Seattle Seahawks” мэргэжлийн хөлбөмбөгийн багийн тамирчин Кэмерон Чэнселорыг анх зурж олон нийтийн сүлжээнд нийтэлсэн нь олны анхаарлыг татжээ. Улмаар олонд алдартай хүмүүс, ялангуяа тамирчид түүнд захиалга өгч зургаа зуруулах болов. Сонирхолтой нь К.Холл амжилтаа зөвхөн өөрийнх байлгахыг хүссэнгүй, бусадтай хуваалцахаар шийджээ. Ингээд алдартай хүмүүсийн зургийг зурж өндөр чанартайгаар 200 хувь хэвлэн уг хүнтэй хамт гарын үсгээ зураад тус бүрийг 200 доллароор борлуулах санаа бодож олов. Үүнийг нь “Seattle Seahawks” багийн бас нэг шилдэг тамирчин Ричард Шэрман дэмжсэнээр анхны борлуулалтаа ганцхан өдрийн дотор хийжээ. Улмаар олсон 40 мянган доллароо бүгдийг буяны байгууллагад хандивлав. KEEGAN200 гэдэг төсөл ингэж эхэлжээ. Үүнээс хойш тэрбээр спортын төдийгүй урлагийн алдартнуудтай ийм маягаар хамтарч ажиллан борлуулалтаас олсон мөнгөө нэг ч цент үлдээлгүй буяны үйлсэд хандивладаг болсон байна. 2016 оноос хойш түүний ийнхүү хөдөлмөрөөрөө олж бусдад хандивласан мөнгө өдгөө хэдийнэ 750 мянган доллар болжээ. Тэрбээр цаашид ч зурсаар, олсноо бусдын сайн сайхны төлөө зориулсаар байна гэдгээ телевизэд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.   

 Зурсан, зуруулсан хоёр.

Киган Холлын бусад зургуудаас.

Зургуудийн зохиогчийн эрхийг эзэмшигч Keagan Hall