Ойр орчноо түйвээж гаршсан сүрэг чоныг “номхруулсан” минь
Өнөөдрийн Хууч
2024-12-16
Өмнөговь аймгийн АДХГЗ-ны дарга асан, чоно судлаач, Монгол улсын шилдэг анчин Тойвогийн Наранхүү ажил албаныхаа зав чөлөөгөөр чоно авлаж явсан тухайгаа ийн хуучилжээ
1985 оны наймдугаар сард Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэн ус бригадын тэмээчин С.Цогбат гуай надад захидал бичиж, Борзонгийн говьд 11 чоно буй болчихоод 6 дугаар сараас хойш хориод тэмээ идсэнийг мэдээлж, ирж агнаж, дайжааж өгөхийг хүссэн байлаа. Ажил, цагаа зохицуулах шаардлагатай байсан учир С.Цогбатад малаа сайн хариулцгааж байхыг нутгийн малчдад дамжуулж өгөөрэй гэж хүсээд “Би 10 дугаар сард очно. Та нарын тэжээврүүдийн бие нь томорч, арьс, үс нь гүйцэж байг” гэсэн хариу захидал явуулаад хүлээзнэв. "Ер нь их сүйтгэж байна" гэсэн мэдээ дахин ирлээ. Чоно ганцхан өлссөндөө мал амьтныг ингэж барьдаггүй. Энэ нь хашир азарга, гичий хоёр хавар эрт гарсан бэлтрэгнүүдээ анд сургах ажлыг шаргуу эхэлж буйн шинж. Эднээс удамшсан олон хадарган чоно буй болно гэсэн үг. Ийм сүрэг чоно ангаа идэхээсээ илүү сэглэх, тохуурхах, барьж сүйтгэх нь их байдаг. Би амралтаа 10, 11 дүгээр сар дамжуулан аваад Номгон сумын Сангийн далай нэгдлийн жолооч М.Пунцагдэлэгтэй хамт явлаа. Юуны өмнө тэр сүргийн байрлалыг тогтоох, өөр чоно буй эсэхийг мэдэхээр алсуур тойрч, мөр, бэлчээр судалсны эцэст өөр таван бүлтэй жижигхэн хоёр дахь сүрэг Залаагийн элс, Морин толгой, Хошуу оройн бууц, Арын гүн, Улаан тээгийн нуруу, Ташаа заг, Эхэн гүний хоолой дахь их сүргээс ердөө 50 орчим км цомхон газар байран байгаа нь тодорхой болов. Том сүрэг 11 чонын байрлалын төв дунд Ташаа загийн өмнөхөн нэгэн далд хонхорт отог авлаа. Машинаа бүрэн бүтээж гал, бараа чимээг хямгадав. Гэгээтэйд хоолоо хийж идээд энэ тэрийг ярьж, чонын чимээ чагнаж байтал шөнө 11 цагийн орчимд ямар нэгэн юманд хоргодсон, хоол эрсэн гөлгөн чоно хэдэн удаа улилаа. Бид ч чонын бэлчээрт баталгаатай ирснээ ярьцгааж, маргааш өглөө нь хаашаа явж, хаана очиж суухаа товлоод амарцгаав. Өглөө сэртэл алсад тэмээ хүрхрээд байх шиг. Харвал үүрийн шаргал гэгээн доогуур тоос манарч, тэмээ ботгоо чононоос хамгаалж хөөгөөд байна уу гэмээр байдал ажиглагдав. Юутай ч явж ойртохоор шийдээд бид хоёр буу, дурангаа авч нэгэн ховол уруудан дөхөж очвол элсэн хамар дээр нэг чоно нөгөө тэмээ байгаа зүг рүү хараад хэвтэж байна. Түүнийг далд орсны дараа тэмээн дээр очвол урьд орой ботгыг нь чоно барьсан бололтой, эх нь сахиад зогсчихож. Хүч тарга тааруу, давжаа биетэй, хижээл насны энэ ингэ ботгондоо чоно ойртуулалгүй хөөж, орчны газрыг тойруулаад худаглаж орхисныг харахад ихээхэн үзэлцсэн бололтой. Хүч тэнцвэргүй энэ тулаанд өөрөө баригдалгүй үлдсэн эрэлхэг ийм адгуус байдаг аа гэж бодохоос өрөвдөх, бишрэх, харуусах сэтгэл өөрийн эрхгүй төрж билээ.
Чоно үхэх үйл нь ирэхээрээ ингэж хүний сэтгэл хөндсөн аюул учруулдаг даа. Энэ сүргийн идэх сав нь дүүрч байгаа юм болов уу хэмээн бид ярилцаж, нэг бараатай газар гарч дурандахаар цааш хөдлөв. Алсын үерийн ус ирдэг дов сондуултай их хоолойг дурандаж есөн чоно олж харлаа. Бид чонын гүйдлийн чиглэл, нар, салхи тавьж амдах байдлаар дөхсөөр мөр дээр нь очлоо. Баруун талд явсан олон тэмээ, тэнд явсан хүний анир, ажиг авсан чононууд эргэж хоолой руу оржээ. Бүгд буцсан эсэхийг шалгаад гол нь гичийг олж буудахаар тохиролцов. Олон чоны мөр дотроос түүний мөрийг олж хөөх яггүй үүрэг тулгарлаа. Алдаж, онож явсаар гичийн ганцаар салсан мөрийг оллоо. Түүний явдал зөөлөрч, хол явалгүй хэвтэх нь тодорхой болсон тул унтуулж байж очихоор шийдээд бид хоёр ч загийн сүүдэрт хэвтэж хоёр цаг гаруй хүлээв. Өдрийн нэг цаг болж, тэр удаагийн ангийн хувь заяаг шийдэх хамгийн эгзэгтэй, хариуцлагатай үе тулж ирлээ. Буугаа бэлэн авч шил даран явж, өмнөх хүн ойрхон бут, заг бүрийг, арын хүн арай алсын эгзэгтэй газрыг харж, гишгэдэл бүрээ хянаж, хэд алхаад л өндөрхөн заг, бутны сүүдэр бүрийг ажиглана. Тэгтэл гичий өглөө хэвтсэн сүүдрээ сольж өөр нэг загийн ард шилжиж хэвтэхийг харлаа. Хэвтсэн газар тодорхой, харин ойртоход тун төвөгтэй ил газар хэвтсэн байв. Дөхөх аргаа тооцоолж, чонондоо ил цагаанаар чимээгүй явж хүрэхээр шийдлээ. Ахисаар 40-өөд метр ойртож, буудахад бэлэн боллоо. Би нөхөртөө чимээ өгөхийг хүсэв. Нөхөр маань “Сайхан нойрсов уу?” гэх зуур чонын толгой өндийж ирснээ буун дуунаар нам боллоо. Хоёр жилийн есөн гөлөгтэй гичийг авч тэр удаагийн ав сэтгэлчлэн бүтэх боломж нээгдэж буй нь тэр. Гичийний мах, ясыг бүтнээр нь нэг загийн орой руу хийж, бут модоор дарж амьтан хөндөхөөргүй болгоод орхилоо. Бидний араас С.Хоохдой, Ж.Аварзэд, Ж.Шархүү, Л.Гомбо нар ирж хүч сэлбэлээ. Нөгөөдөр нь М.Пунцагдэлэг маань жинхэнэ говийн шарга гэгдэх азарган чоныг буудаж, гөлөгнүүдийг түүх ажилд шилжив. Энэ завсар Морин толгой хэмээх газар байрлалтай нөгөө таван чонын азаргыг эхний өдөр намнаад дараагийн өдөр гичийг гурван гөлөгний нь хамт намнав. Ингэж 16 чононоос хоёр гөлөг үлдээж нутгийнхны талархал хүлээсэн удаатай. М.Пунцагдэлэг маань улсын сайн анчин, түргэн бөгөөд итгэлтэй буудна, сайн үзнэ. Тун нягт нямбай, хэнтэй ч ангийн ганзага нийлнэ.
Малчин С.Цогбатын ирүүлсэн захидал, мэдээлэл ийнхүү бодит үр дүнгээ өгснийг дурсахаас аргагүй. Тэрбээр сайн тэмээчин, нутгийн нэр хүндтэй буурлуудын нэг байсан юм. “Чонотой эвсэж нэгдлийн тэмээ идчихээд ижил ханиа ховлож хядуулсныг чинь тэнгэр бурханд бид илтгэнэ. Нэг өдөр өөрт чинь жин тавих байх шүү” гэж тоглоом наргиан хийн хошигноход өвгөн ихэд хөхөн баясаж, чанга чанга инээн “Муу золиг чамайг” гэж сууж билээ.
Тайжууд овогт Тойвогийн Наранхүү. “Монгол нутгийн чоно” ном. 2013 он. 119-121 дүгээр тал.