images

Алтай магтсан нь


Түүхч, Соёлын өвийн үндэсний төвийн шинжээч М.Ганболд урианхай туульч Ж.Эрдэнэцогт агсаны тухай ийн хуучлав. Ж.Эрдэнэцогт агсан Монгол төрийн өргөмжит туульч Э.Баатаржавын аав билээ.

     "Ж.Эрдэнэцогт ах бол Мэнгит туульчийн удмын урианхай туульч байсан юм. Туулиа өвлүүлэх, сурталчлахад их гавьяа байгуулж гадаад, дотоодод явж алдарт Гомбосүрэн гуайн туулийг сонсож байсан хүн. Ц.Эрдэнэцогт ахын тухай нэг ийм хөгжилтэй түүх байдаг. Э ахыг нэгдэлд ажиллаж байхад нэгдлийн байгууллага хоорондын урлагийн үзлэг болжээ. Нэгдлээс “Э ах та Алтай магтаарай” гэхэд нь “За” гэсэн байгаа юм. Урлагийн үзлэг ч болж клубт орж ирэхэд нь "Та хоёрхон минутанд багтаана шүү” гэж. Тэгсэн хоёр минут аль хэдийн өнгөрөөд, хөтлөгч Э ахыг татаад байдаг, зогсдоггүй гэнэ. Хүлээгээд л байсан, арав гаруй минут болоод аргагүйдэж тайзан дээрээс сандалтай нь чирчээ. Тэгсэн ч зогсдоггүй, тасралтгүй магтаад л байж гэнэ. Тэгээд дараагийн үзүүлбэр тайзан дээр тоглож байхад Э ах клубын карманы өрөөнд буруу харчихсан Алтайгаа магтаад л байсан гэдэг. Энэ чинь ёс заншлаа бариад дутуу магтахгүй байгаа хэрэг. Дутуу магтвал Алтай, Хангай гомдоно шүү дээ. Энэ бол урианхайчуудын туулийн хэрэглээ сайн, ялангуяа шүтлэгийн зориулалттай гэдгийг илтгэнэ. Алтайн магтаал сонсоход нэг сайн засал хийлгэсэн шиг болдог юм".