images

"Цэцэг нуур"


   Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч Б.Хүрэлбаатар хугацаат цэргийн алба хааж байхдаа “Цэцэг нуур” дууныхаа шүлгийг бичжээ. Тэрбээр энэ үедээ Зохиолчдын хороогоор тогтмол орж гардаг байж. Нэг удаа хэдэн шүлэг бариад тийш очтол ”Цэргийн бодол” дууны эзэн, хөгжмийн зохиолч Х.Баатартайгаа тааралджээ. Тухайн үед Х.Баатарын бүтээлүүд радиогоор ид хүчээ авч байсан бөгөөд шинэ дуу хийх санаатай шүлэг эрж явсан нь тэр байж. Тэгээд хоёул учир байдлаа хэлэлцэн Б.Хүрэлбаатар халаасанд явсан шүлгээ түүнд өгөөд мартаж орхиж. Явсаар 1970-аад онд дуу ч бүтэж, анх УГЖ Д.Банзрагч дуулсан байна. Энэ талаар Б.Хүрэлбаатар Хил хамгаалах ерөнхий газрын хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Х.Баатартай би долдугаар ангиасаа хойш таараагүй байсан юм. Тэр маань ч гайгүй бүтээл хийчих санаатай шүлэг эрж яваад надтай таарч. Тэр үед, ”Хайтан ягаан цэцэг хуарна хө, хангайгаа дагаад ургаа юу даа хө” гэж сайхан дууг зохиогоод мандаж байсан үе. Энэ дууг ганц Ховдынхон дуулдаг юм уу гэхээр үгүй юм. Дорнодоос цэргийн албанд татагдсан цэрэг хүртэл дуулдаг байв. Уг нь мундаг шүлэг биш л дээ. Яахав байлдагчийн зүрх сэтгэлээс гарсан энгийн хөөрхөн аялгуутай бүтээл. Би Х.Баатартайгаа хамтран энэ мэт хэдэн дуу хийсэн хүн байгаа юм" хэмээн ярьжээ. Түүнийг албанд татагдах үед Оросоос цэргийн мэргэжилтнүүдийг урьж авчирч, улмаар дээд сургуульдаа онц, сайн сурдаг оюутан хүүхдүүдийг албанд татаж байжээ. Цэргийн албанд долдугаар анги төгссөн хүн ч ховор ирдэг байсан учир армийн боловсон хүчнийг бэлтгэх, алба хаасных нь дараа суралцаж байсан сургуульд нь эргэн томилох үүрэг чиглэлтэй оюутан залуусыг албанд татсан нь тэр аж.