“Үүрийн цолмон” романы гол дүр Төв хороонд гомдол гаргасан нь
Өнөөдрийн Хууч
2024-11-11
Утга зохиол судлаач, шүүмжлэгч Ц.Хасбаатарын дурсамж
1974 оны тавдугаар сарын 28-ны өдөр. Ю.Цэдэнбал даргад Хэнтий аймгийн Дадал сумын Юндэн гэдэг хүнээс зохиолч С.Дашдэндэвийн “Үүрийн цолмон” романы талаар гомдол иржээ. Тэр гомдлыг барагдуулах зорилгоор С.Дашдэндэв гуай бид хоёр Хэнтийд ирлээ. Ингээд бид хоёр гомдол гаргасан Юндэн гуайнд мотоциклоор явж очив. Юндэн гуайнх борцтой хоол хийж нэрмэл архиар дайлан, бид илэн далангүй ярилцлаа.
Юндэн:
- Уран зохиол социалист агуулгатай байх ёстой гэж боддог. Намын программын заалт ч бий. Гавьяат зохиолч С.Дашдэндэв намайг “Үүрийн цолмон” романдаа гүтгэж бичсэн. Нэгдлийн даргыг халзавтар толгойтой, дунд зэргийн биетэй гэж яг л намайг бичсэн. Та надтай уулзаагүй, Чойдоржийн үгээр бичиж Чойдоржийг мандуулсан. Үнэмлэх сэлтийг минь үз (Намын бүгд, бага олон хурлын таслах эрхийн үнэмлэх, сайн ажилласныг тодорхойлсон бичиг сэлт байна). Хамниган дөрвөн хүнийг муугаар үзүүлсэн, миний басган халх, түүнийг надаас салгаж бичсэн байна лээ. Би Хүрэн шугуйд хадлангийн хэрүүл хийж яваагүй. Төв хороонд зориуд бичсэн юм. Намайг шийтгэвэл шийтгэг гэж бодсон. Хүмүүс намайг доромжилж байна. Би их гомдолтой байна. Энэ ном зуун жилийн дараа ч үр хүүхдэд минь үлдэх юм. Гүнсэн гэдэг чинь та биз дээ гэж Дугарсүрэн дарга хэлж байна. Үүнээс болж хэрэг гарч болно. Хууль хатуу болсон.
С.Дашдэндэв зохиолч:
- Уншигч, зохиолч хоёр уулзаж байна. Би Гүнсэнг бичсэн, Юндэнг бичээгүй. Та яагаад өөр дээрээ аваачаад байгаа юм бэ? Би түүх бичээгүй, зохиол бичсэн. Би Нэгдэлжих хөдөлгөөний сүнсийг үзүүлсэн бол буруугаа хүлээхгүй, харин түүх бичиж гүжирдсэн бол буруугаа хүлээнэ.
Юндэн:
- Хэзээ миний захианы хариу ирдэг бол гэж хүлээж байсан. Анхаарч үздэг л юм байна, их баярлалаа. Ном олон хэвлэгдээд тарчихсан хойно яая гэх вэ. Нутгийн улсад хэлж өгөөч. Халамцуу улс дээр ороход тоглоом шоглоомоор Гүнсэн дарга гэх юм. Би хэзээ ч нэгдэлдээ муу юм хийгээгүй. Чойдоржийг томилоход дэмжиж байсан. Хамниганыг буриадууд гадуурхдаг. “Үйсэнд цагаан идээ бүү хий, хамниганд бэрээ бүү өг” гэсэн үг хүртэл гарсан. Халхууд дөрвөдийг яаж үздэг вэ, яг түүнтэй адилхан. Би 1939 онд намд элсэж 1953 онд нэгдэлд орсон. Уран зохиол гэдгийг ойлгоно. Харин хүнд доромжлуулж чадахгүй гэв. Хажуунаас бидний ярианд мотоциклийн жолооч оролцож “Манай эндхийн амьдралыг судлахгүйгээр Чойдоржийн амаар бичсэн гэсэн ойлголт бий” гэв. Юндэн гуайн гэр тохилог, шалтай, ширээтэй, зуухтай, авгай нь намын гишүүн, 15 үнээ саадаг, бас талх барьдаг ажээ.
Маргааш нь сумын клубт зохиолч С.Дашдэндэвтэй уулзалт хийв. Тэрбээр “Би одоо нас 62 хүрч байна. Санбэйсийн хошууны хүн. Залуу насаа нам эвлэл, олон нийтийн ажил хийж өнгөрөөлөө. Сүүлдээ утга зохиолын ажил хийж ирлээ. Дөчин хэдэн онд “Үнэн” сонинд ажиллаж байв. Эрхлэгч нь Ц.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга нь Б.Ринчен байлаа. Малчин ардын дотор ялгаа гарч нэг хэсэг нь баяжиж, нөгөө хэсэг нь зарц болсон. “Гурван айл” найраглал бичсэн нь хөдөөний малчин ардуудын зөрчлийг харуулах гэж оролдсон хэрэг. “Үүрийн цолмон” бол танай эндхийн амьдралтай холбогдсон зохиол. 1961, 1965 онд энд ирэхдээ олон хүнтэй уулзсан” гэх зэргээр ярилаа. Хүмүүс санал бодлоо илэрхийлэв.
Мишиг багш:
-Нэгдэл байгуулсан улстай яагаад уулзаагүй юм бэ? Түүхэн бодит хүмүүсийг та буруугаар үзүүлсэн. Нэр алдар хөөцөлдсөн хүн өөрийгөө дөвийлгөх гэж танд ярьж өгсөн шиг санагдаж байна. Юндэн зохих хувь нэмрээ оруулсан хүн.
Гомбо:
-Чойдорж цэрэгт огт яваагүй байхад цэргээс халагдсанаар бичсэн. Лам байсан хүн шүү дээ.
С.Дашдэндэв:
-Би “Хөдөлмөр” нэгдлийн түүхийг бичээгүй. Түүх байсан бол та нарынх үнэн. Уран зохиол учраас та нарын хэлдгийг зөвшөөрөхөд бэрхтэй. Гүнсэн бол Чойдоржийн амнаас гарсан дүр биш. Тэр бол Монголын газар бүрээс гарсан дүр.
Малын эмч Базаржав:
- С.Дашдэндэвийн зохиол сайхан зохиол болсон гэж боддог. Намайг төрүүлсэн нэгдэл болохоор тэгж хэлж байгаа юм биш.
Ийм яриа болж эцэст нь бид сайхан ойлголцоод уулзалт өндөрлөж билээ.