images

“Цовоо хонгор”


   Дуучин Т.Бат-Оргилийн өвөө Ц.Намсрай Баянхонгор аймгийн Заг Байдрагийн зааг "Хүрэн бэлчир" гэдэг газар төрж, бага насандаа алс холыг зорин гадаад дотоодод явж, нам төрийн ажил хийж явсаар олон жил нутагтаа очоогүй байжээ. Нэгэн зун үр хүүхэд, ач зээ нартайгаа нутгаа зорьсон боловч их үерт хөл хоригдон санасандаа хүрээгүй буцсан нь Т.Бат-Оргилийн дурсамжид тод үлдэн, морины тухай дуу хийхэд хөтөлжээ. Т.Бат-Оргил ч өвөөгийнхөө хүрч чадалгүй буцсан хонгор нутгаар нь дуугаа “Цовоо хонгор” гэж нэрлээд, нутгаа тэмцэн гүйж яваа агтны тухай дуу байх учиртай хэмээн шийдсэн байна. Ингээд хуучны ардын дуу, тайлбар толиос үг харж, хөгшчүүдээс алс газраас нутаг руугаа гүйсэн монгол морины тухай, хүний нутагт нь байхдаа яаж нутгаа санадаг тэмүүлдэг тухай олж сонссон нь тэр аж. Энэ журмаар эхний хоёр мөрөө Сэндэр охины дуунаас санаа аван бүтээжээ. Дараа нь гитарчин Д.Өлзий-Орших дээр очиж зарим үгийн зөв бурууг зөвлөн, өөрөө хагасыг нь зохиож найруулан их говийг туулан нутгийнхаа барааг харж байгаагаар дууны үгээ дуусгасан гэдэг. Аяа бичүүлэхээр мөн л чамгүй хөдөлмөр зарж, хүн хайж явсны эцэст хөгжмийн зохиолч Ц.Чинзоригтой учирч тэр дор нь зохиолгож авчээ. Ингээд Зохиолчдын хороо, Хөгжмийн зохиолчдын холбоогоор батлуулан Үндэсний радио телевизийн уран сайхны зөвлөлийн хурлаар оруулан дуугаа бичүүлэхээр болсон байна. Радио телевизэд бичүүлэхээр очихдоо үгээ олон дахин алдаж, давтсаар арайхийн тэр өдөртөө багтан нар жаргахтай уралдан дуусгаж амжсан аж. Т.Бат-Оргил дуугаа зохиосон 1991 оныхоо намар МУИС-ийн оюутан болж, түүнийг намрын ургац хураалтын ажилд Сангийн аж ахуй явсан хойно нь “Цагаан лавайн эгшиг” нэвтрүүлгээр анх улс даяар цацагдаж байжээ.

Т.Бат-Оргил, "Жигүүртнээс дээгүүр" номын 15-24 дүгээр тал.

Гэрэл зургийн эх сурвалж. Мөнхтогтох