images

С.Зориг: Надад үнэндээ гэрлэх зав алга


1990 онд Монгол улс ардчилсан тогтолцоонд шилжиж анхны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчөө сонгож байх үед ардчилсан хувьсгалын удирдагч Санжаасүрэнгийн Зориг дэд ерөнхийлөгчид нэр дэвшиж, түүнийг АИХ-аар хэлэлцүүлж гишүүд асуулт асууж хариулт авч байжээ.

   Ардын их хурлын анхны хуралдаан 1990 оны есдүгээр сарын 5-ны өглөө ажлаа үргэлжлүүлэв. Дэд ерөнхийлөгчид нэр дэвшсэн есдүгээр тойргийн депутат Санжаасүрэнгийн Зоригийн асуудлыг авч хэлэлцэж гишүүд асуулт асуув.

311 дүгээр тойргийн депутат Д.Баяр: Та морь унаж үзсэн үү?

С.Зориг: Хөдөө ахындаа очиж хоёр сар гаруй хонь хариулж байсан. Бас сая даншиг наадамд очоод гурван хоног морь унасан. Тийм болохоор би хөдөөний амьдралыг мэднэ.

122 дугаар тойргийн депутат С.Банзрагч: Хоёр хөрштэйгөө, тухайлбал ЗХУ-тай ямар харилцаатай байх вэ?

С.Зориг: ЗХУ-тай сайн хөршийн харилцаатай байх ёстой.

212 дугаар тойргийн депутат Д.Лханаажав: Социализмын ирээдүйн талаар хэрхэн төсөөлж байна вэ? Социализм байгуулах монгол загвар ямар байх вэ?

С.Зориг: Дэлхийн социалист систем хэмээх зүйл одоо сүйрч байна. Сүйрч унаж байгаа юмны ирээдүйн талаар юу ярих вэ. Ер нь сайн бодоход марксизм, ленинизмийг үндэслэгчид онолдоо алдаа гаргасан юм. Нэлээд олон орон үүнийг ухаарч социализм гэдэг ойлголтоосоо салж байна. Тийм учраас социализм байгуулах монгол загвар гэж ярихаасаа илүү Монголын нийгмийг хөгжүүлэх загвар гэвэл яасан юм бэ?

Бичгээр ирсэн асуулт: Та яагаад гэрлэдэггүй юм бэ? Тантай суух хүсэлтэй хүүхнүүд олон байдаг гэсэн?

С.Зориг: Надад үнэндээ гэрлэх зав алга. Утасддаг хүмүүс бий. Тэдэнтэй завтай болсон үедээ л ярина даа.

154 дүгээр тойргийн депутат Е.Моголцог: Чи бид сүүлийн жилүүдэд Шинжлэх ухааны коммунизмын онолын хичээл зааж, худлаа лекц их уншиж оюутнуудыг мунхрууллаа. Чи философиор үндэслэлгүй ярьж байсан зүйлээ яаж залруулах вэ?

С.Зориг: Та номоор зааж байсан байх. Би бол харин өөрийнхөө бодлоор зааж байсан. Манай оюутнуудаас асуувал мэднэ. Би хэзээ ч сурах бичгээр зааж байгаагүй.

379 дүгээр тойргийн депутат Ц.Жамсран: Үндсэн хуульд ерөнхийлөгчөөр сонгогдох хүний насыг 40-өөс дээш гэж тогтоосон. Үүнийг дэд ерөнхийлөгчид ч хамааруулахад өөрийгөө насны хувьд тохирч байна гэж үзэв үү?

С.Зориг: Ер нь 40 насаар хязгаарладгийн учрыг би ойлгодоггүй. Монгол хүн 40 хүрэнгүүт гэнэт ухаан ордог юм болов уу даа.

АИХ-ын дарга Ж.Гомбожав С.Зоригоос асууж танилцах ажиллагааг дуусгах санал тавихад депутатууд зөвшөөрч батлав.

Бүнчингийн Нацагдорж “БНМАУ-ын сүүлчийн өдрүүд” номын 50-55 дугаар тал