images

Москвад хамт сурч байсан нөхөртэйгөө хөдөө малчин айлд тааралдав


МАХН-ын Төв Хорооны гишүүн, ХААЯамны орлогч сайд асан Цогт-Очирын Лоохууз гуай хэлмэгдэн цөлөгдөж явахдаа тохиосон бас нэгэн явдлын тухай ийн хуучилж байжээ. Өмнөхийг энд дарж уншина уу

   Өвөрхангай аймгийн Санд суманд сууж байхад нэг явдал болсон юм. Би Дундговь аймагт явж байгаад Цагаанламын Дүгэрсүрэн сайдтай уулзсан юм. Тэр үед албаны хүмүүс надтай уулзахаас бүгд айдаг байв. Надтай уулзвал “Эсэргүү Лоохуузын хань хамсаатан” гэж үзээд шийтгүүлнэ шүү дээ. Тийм учраас бүгд надаас зугатаадаг байлаа. Тэр зун Ардын их хурлын сонгууль болж байв. Дундговь аймгийн тойргоос АИХ-ун депутатад Цагаанламын Дүгэрсүрэн нэр дэвшсэн юм. Тэгээд тэр өөрийн тойргийн сонгогчидтойгоо уулзахаар ирж байгаа тухай би дуулсан байлаа. Тэр үед би гурван дугуйтай мотоциклоороо хол, ойр их явдаг, аргамж, сур хийж Дундговийн хойд талын сумуудаар явж зардаг байсан юм. Нэг үхрийн ширээр нэг нь 12 алдын урттай тавин ширхэг аргамж хийгээд, таван аргамжаар нэг унагатай гүү сольдог байв шүү дээ. Миний очсон яг тэр суманд Ц.Дүгэрсүрэн ирэх ёстойг мэдэж байсан хэрэг. Тэгээд тэр сумаас төрсөн аймгийн аварга малчин Д.Пүрэвжав гэдэг айлд хүлээлээ. Яг тэднийд ирнэ гэдгийг мэдэж байсан юм л даа. Д.Пүрэвжав бид хоёр шимийн архи жаахан уугаад сууж байлаа. Тэгтэл Ц.Дүгэрсүрэн давхиад ирлээ. Түүнийг дагаад олон хүн иржээ. Аймгийн удирдлагууд бүгд байна. Түүнийг угтах гээд гэрийн хүмүүс бүгд гарлаа. Би гарсангүй, сайхан хонины цагаан эсгийгээр хийсэн ширмэл ширдэг дээр завилаад сууж байв. Ц.Дүгэрсүрэн гэрт орж ирээд намайг харснаа:

-Чи яагаад энд байж байгаа юм? Чиний байх ёстой газар энэ биш гэж их ууртай асууж байна. Бид хоёр Москвад Коммунист намын дээд сургуульд хамт сурч байсан юм. Бие биенээ ч сайн мэднэ. Уулзаагүй удсан байлаа. Тэгээд би:

-Миний хаана байх чамд хамаагүй. Би бол МАХН-ын Төв хорооны томилолтоор ирсэн малчин хүн. Малчин хүн малчин найзындаа ирээд амарч байна. Миний хаана байх нь чиний хариуцах асуудал биш. Харин чи энэ олон машин, хүн дагуулаад энэ хөдөө газар юу хийж яваа юм? Чамд ийм газар хийж чадах нэг ч ажил байхгүй шүү дээ гэж хэдэрлэлээ. Тэгсэн чинь тэр:

-Миний юу хийж чаддагийг чи шүүхгүй шүү. Би удахгүй АИХ-ын депутат болох гэж байна. Одоо сонгогчидтойгоо уулзах гэж явна. Чамтай бол уулзах гэж ирээгүй гэж хэгжүүрхэж байна.

Бид хоёр иймэрхүү хэрүүлийн үг хэлэлцэж байтал түүнтэй хамт явсан хүмүүс ч ороод ирлээ. Ойр хавийн малчин ардууд ч ихээр цугларчээ. Ц.Дүгэрсүрэн сонгуулийн сурталчилгааны яриагаа эхлэв. Тэр босоод шууд намайг заан:

-Та нар энэ Лоохуузыг таних уу? Энэ бол Монгол-Зөвлөлтийн найрамдлын эсрэг ханддаг, Зөвлөлтийн ард түмний их тусламжийн ач холбогдлыг үнэлдэггүй, МАХН-ын удирдан жолоодох их хүчийг үгүйсгэдэг, манай намын эсрэг бүлэглэсэн явуулга хийгчдийг толгойлогч юм шүү гэж намайг тодорхойлж байна. Тэгэхээр нь би босоод бас үг хэллээ.

-Энэ малчин ардууд Ц.Дүгэрсүрэн чи бид хоёроос илүү ном, сонин уншиж, радио сонсдог хүмүүс. Намайг хэн болохыг эд нар чамаар заалгахгүй мэднэ. Харин чамайг мэдэхгүй, танихгүй байх. Одоо би чамайг эд нарт танилцуулж өгнө гээд би гэрт байгаа хүмүүст хандан:

-Энэ Ц.Дүгэрсүрэн гэж хүнтэй би Москва хотноо Коммунист намын дээд сургуульд нэг багшаар ном заалгаж, нэг тогооноос хоол идэж явсан эртний сайн танилууд юм. Оросын хоолыг олон жил идсэн миний энэ сайн нөхөр орос хэл сурсангүй, харин архи пивоноос өөр онцын зүйлгүй Монголдоо эргэн ирсэн хүн дээ. Орос бүсгүйн гэрт очоод архи хэтрүүлж унаад түмпэнд толгойгоо дүрсэн хэвтэж байхад нь бид олж Монголынхоо нэрийг бодон усанд оруулж, хувцсыг нь сольж өгч хүн болгон авч байсан явдал олон бий. Өнөөдөр энэ хүн МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн болсон гэж ханхалзаад та нарын саналыг авч АИХ-ын депутат болох санаатай яваа юм гэж хэллээ. Гэтэл тэнд цугласан хүмүүс үнэндээ яаж ч чаддаггүй юм байна. Тэд нар их гайхаж байна. Ц.Дүгэрсүрэнгийн царай минчийн улайгаад хэцүү байх шиг байна. Тэгээд тэр хурал ч олигтой хурал болсонгүй тарлаа. Ц.Дүгэрсүрэн маань их цайлган хүн шүү дээ. Хурлын дараа над дээр ирээд ямар хэргээр уулзах хүсэл гаргасныг асууж байна. Тэгэхээр нь би:

-Би чамтай уулзах гэж энд хүлээж байсан юм. Намайг анх намаас арга хэмжээ авахдаа Намын хянан шалгах хорооноос гурван жилийн хугацаатай хөдөө явуулсан шүү дээ. Гэтэл түүнээс хойш зургаан жил боллоо. Өргөдөл олон удаа өгсөн боловч хариу ирэхгүй байна гэж хэллээ. Тэрбээр:

-Аа тийм үү? Би Улаанбаатарт очоод Ю.Цэдэнбал даргатай уулзаад чиний асуудлыг хэлээд үзье гэж байна. Тэгээд бид хоёр гар бариад салсан юм. Тэр Улаанбаатарт очоод Ю.Цэдэнбал даргатай энэ асуудлаар ярьсан биз. Харин Ю.Цэдэнбал зөвшөөрөөгүй байх.

Совдын Баатар. “Цогт-Очирын Лоохууз: Ойр гишгэж, хол харж явъя” номын 303-306 дугаар тал.