Уйгагүй хөдөлмөрлөж чинээлэг амьдарсныхаа төлөө шоронд оров
Өнөөдрийн Хууч
2024-09-04
МАХН-ын Төв Хорооны гишүүн, ХААЯамны орлогч сайд асан Цогт-Очирын Лоохууз гуай хэлмэгдэн цөлөгдөж, орон шоронд орж явсан тухайгаа ийн хуучилж байжээ. Өмнөхийг энд дарж уншина уу
“Өвөрхангай аймгийн Сант суманд ирж хонь хариулаад зургаан жил болов. Манай хүүхэд дунд сургуулийн наймдугаар анги төгсөөд есдүгээр ангид сурах боллоо. Гэтэл Сант суманд арван жилийн сургууль байсангүй. Ингээд өөр суманд шилжин суух хэрэгтэй болж хүсэлтээ МАХН-ын Хянан шалгах хороонд олон удаа явууллаа, хариу байдаггүй. Зарим даргатай өөрийн биеэр очиж уулзан муудалцаж ч үзлээ. Удаан хүлээлгэсний эцэст “Хархорины САА-д шилжиж болно” гэсэн зөвшөөрөл ирлээ. Ингээд би хангайн бүсэд зөвшөөрөгдөх 50 толгой мал үлдээгээд бусад малаа зарж нэлээд ч мөнгөтэй болоод Хархорины САА-д шилжиж ирэв. Эхнэр маань эмийн санд эм найруулагчийн ажилд орж, том хүү есдүгээр ангид орж, би гахай тахианы бригадын тоо бүртгэгч гэх ажил хийх боллоо. Тэгээд гахайн торой хоёрыг хүнээс худалдан аваад, сүүлдээ олон гахай өсгөн өөрийн гэсэн гахайны байртай ч болов. Гахай бол маш өндөр ашиг өгдөг аж ахуй юм шүү дээ. Хархорины гурилын үйлдвэрийн хаягдал авч гахайгаа тэжээнэ. Тэр үед Зөвлөлтийн цэргийн анги Хархориноос холгүй байдаг байсан юм. Би нэг кг гахайн махыг 8 төгрөгөөр цэргийн ангид зардаг боллоо. Оросууд гахайн маханд дуртай шүү дээ.
Хархорины САА-д ирээд бас нэг шинэ юм хийж сурлаа. Энэ бол монгол гутал юм. Эрдэнэзуу хийдийн лам нараас зарим нэг нь олон жил шоронд сууж байгаад суллагдсан байдаг юм. Тэд нар монгол гутлаас өөр гутал өмсөхгүй. Би ч удалгүй тэдэнтэй дотно танилцав. Улмаар монгол гутал сайн хийдэг нэг өвгөнтэй танилцаад гутал хийдэг арга заалгалаа. Гутал оёх арга нь гөлөм хийхтэй бараг ижил. Тэр хүн гутал оёх материалаа өөрөө олоод, хийсэн гутлаа өөрөө зардаг байж. Би түүнд гутал хийх материал олж өгөөд хийсэн гутлыг борлуулах ажлыг хариуцдаг болов. Би танил олонтой болохоор энэ надад төвөгтэй биш байлаа. Ингээд нөгөө өвгөн эмгэнтэйгээ, мөн манай эхнэр бид хоёр нийлээд дөрвүүлээ гутлаа оёдог боллоо. Монгол гутал хийнэ гэдэг тийм ч амар ажил биш л дээ, ажиллагаа ихтэй. Өвгөн сүүлдээ зөвхөн гутлаа эсгэж уллаад, бид оёдог болсноор сард 3-4 гутал хийчихэж байгаа юм. Тэр үед хувийн үйлдвэрлэл явуулах нь хуулиар хориотой, хэрэв зөрчвөл шийтгэж шоронд хийдэг байв шүү дээ. Ингээд Хархорин, Хужирт гээд тэр хавийн сумдад нэг хос гутлыг 300 төгрөгөөр зараад байнгын орлоготой боллоо. Ийм маягаар би Хархоринд таван жил амьдрахдаа хувьдаа суудлын машинтай, мотоцикльтэй, том хашаа байшинтай, нэлээд олон малтай боллоо. Ер нь их чинээлэг амьдарч байлаа шүү дээ. Харин манай Хархорины сангийн аж ахуйн дарга намайг ирсэн цагаас эхлээд элдвээр хавчиж, дарамтлах бодлого барьж байсан юм. Намайг юу хийж, яаж амьдарч байгааг Дотоод яаманд байнга мэдээлж байсан биз. Би ч бас түүнтэй зөөлөн харьцаж байгаагүй нь миний буруу байж болох юм. Ингээд бид хоёрын зөрчил улам хурцдах боллоо. Тэр хүн бол эсэргүү Лоохуузыг сайн харж, бас нэр хүнд олох гэж ихэд чармайж байгаа шүү дээ, хөөрхий минь. Би ч түүнийг нь сайн ойлгож байлаа. Тэр хүн намайг “Дамын наймаа хийдэг, хувийн үйлдвэрлэл явуулдаг” гэсэн үндэслэл гаргаад, улмаар үүнийг шалгуулахаар прокурорт мэдэгдэл өгчээ. Прокурор миний хэргийг хянаж үзээд “Үнэхээр хувийн үйлдвэрлэл явуулж, олон мал зарж дамын наймаа хийсэн” гэж үзээд шүүхэд шилжүүлжээ. Шүүхээс надад зургаан жил шоронд хорих ял оноов. Би шүүх хуралд өмгөөлөгчгүй орсон юм. Ер нь намайг надаас өөр хэн сайн өмгөөлөх юм бэ гэж боддог байсан хэрэг. Тэгээд шүүхийн шийдвэрээр миний бүх хөрөнгийг хураах шийдвэр гаргаж, гэр, байшин, машин, мотоцикль, мал, гахай бүгдийг хураан улсын орлого болгоод давж заалдах эрхгүйгээр хэргийг таслав. Уг нь ямар ч хүн давж заалдах эрхтэй байдаг шүү дээ. Ингээд би Зүүнхараа дахь Бэрлэгийн шоронд хоригдлоо. Тэнд очиход намайг бусад хоригдлуудтай хамт ажилд гаргадаггүй, цахилгаан гүйлгэсэн өргөст торны цаана хорьдог байсан юм. Би ганцаараа тэр өргөст торны цаана таван жил гаруй болсон. Прокурор намайг дамын наймаа хийсэн гэж ялласан ч уг нь би дамын наймаа хийгээгүй юм шүү дээ. Манай хуулиар бол улсаас тогтоосон үнэтэй эд барааг хүмүүст илүү үнээр дамлан зарсан бол дамын наймаа гэж үздэг байсан. Би бол улсын тогтоосон үнэтэй юмыг зараагүй юм шүү дээ. Намайг олон мал зарлаа гэж буруутгаж байв. Улаанбаатараас нутаг заагдан цөлөгдөж очсон би тэр олон малыг өөрөө өсгөж олон болгосон. Би өөрийнхөө амины малыг хэнд, хэдэн төгрөгөөр зарах нь миний хэрэг шүү дээ. Би шоронд байхдаа хорих ангийн тогооч, зарим үед сувилагч ч болж үзлээ. Хоригдлууд хүнд ажил хийж ихэд ядардаг байсан юм. Би хоригдлуудын ядаргаа тайлах хоол унд өөрөө санаачилж хийдэг боллоо. Хярамцаг гэж сайхан юм байдаг. Түүнийг шар будаатай холиход их сайхан хоол болно. Хоригдлууд ч дуртай. Янз бүрийн хоол хийх жорын тухай ном захиж авчруулан уншиж өөр сайхан хоолнууд хийж сурлаа.
Шоронд байхдаа би ном уншиж хоол хийхээс гадна бөгж хийдэг байсан юм. Хоолны халбага, сэрээг зэвэрдэггүй гангаар хийдэг юм. Манай хорих ангид халбага, сэрээ, таваг их гэмтэж хэрэгцээнээс гарна. Хэрэгцээнээс гарсныг байсхийгээд актлаад хаядаг. Ингэж хаягдсан халбага, сэрээг авч бөгж хийдэг боллоо. Төмрийн хайч, гагнуурын алх, гагнуур хийхэд хэрэгтэй хүчил, цагаан тугалга зэргийг захиж авахууллаа. Ингээд хайчлаад бөгжөө эсгэчихнэ. Дээр нь хүзүүгээрээ нийлсэн хоёр хунгийн дүрс гаргана. Цэнхэр фоноор шигтгээ хийгээд зэвэрдэггүй ганг өнгөлөхөд шил шиг тунгалаг, хаанаас ч харсан нүүр харагдахаар болдог юм. Ингэж хийсэн бөгжөө 25 төгрөгөөр зарна. Шоронгоос хугацаа нь дуусан суллагдаж байгаа хүмүүс миний хийсэн бөгжийг их авна. Хоригдлууд ажил хийсний хөлс цалин авдаг байсан болохоор тэд ч мөнгөтэй. Бүр харгалзагч нар хүртэл миний хийсэн бөгжийг авдаг болов. Ингэж би шоронд байсан ч мөнгөөр тасрахгүй байсан билээ. Манай эхнэрт жилд хоёр удаа надтай уулзах зөвшөөрөл өгнө. Эхнэр хүүхдээ ирэх болгонд би 1000 төгрөг өгдөг байв. Энэ мэтээр хугацаат ялаа эдэлж дуусаад 1982 онд шоронгоос суллагдлаа. Суллагдах үедээ социалист шоронг доромжилсон хэрэгт орж, бараг дахин шоронд суух шахсан юм. Юу гэвэл суллагдах дөхөөд байхдаа би гэрийнхэндээ захиж “Миний минжин малгай, даавуун дээл, угалзтай монгол гутлыг минь авч ирээрэй” гэсэн юм. Тэд нар маань ч миний хүссэнээр сайхан өвлийн минжин малгай, битүү угалзтай монгол гутал, герман даавуугаар хийсэн дээл авч иржээ. Би түүнийгээ өмсөөд шоронд хамт байсан хүмүүсээ хоёр өдөр тарган хонины мах, сайхан хоолоор ханаж цадтал дайллаа. Тэгээд тэдэнтэйгээ салах ёс гүйцэтгээд шоронгийн дарга нарт “Баяртай” гэж хэлээд яваад өгөв. Гэтэл удалгүй “Лоохууз Монголд байхгүй үнэтэй малгай, угалзтай монгол гутал өмсөж, хоригдлуудыг хоол ундаар дайлж, баян тансгаараа гайхуулан социалист шоронг доромжилсон” гэсэн яриа гарч том хэрэг боссон юм билээ. “Санаа байвч сачий нь хүрэхгүй” гэж монгол үг бий. Энэ яриа яахав, тэгсгээд дарагдсан юм. Гэхдээ болгоомжлох зүйл мөн гэдгийг дахин мэдэрсэн дээ”.
Совдын Баатар. “Цогт-Очирын Лоохууз: Ойр гишгэж, хол харж явъя” номын 288-297 дугаар тал.