images

Чөдрийн хулгайчийг барьсан нь


      XIX зууны сүүл үед одоогийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг Элжгэнэ нөмөр гэдэг газар нэгэн тангад лам байнга амьдран суудаг байжээ. Хур бороо татруу жил Өмнө даваат, Уст, Хар чулуутаас ирдэг гол ус татарч, газар доогуур шургадаг тул нөгөө лам тэр орчиндоо худаг гаргаж хамгаалсан нь байнга устай байдаг болсон ба хожим Тангад ламын худаг нэртэй болжээ. Нэгэн зун Элжгэнэ булагт зуссан айлуудын морины чөдөр алга болоод болдоггүй гэнэ. Хол газраас ирсэн нэг хүн оройхон ирж Тангад ламынд ирж хонох болоод “За байз, энэ чулуун дотор морь уях газар ч алга. Морио чөдөрлөж цатгаж хономоор санж. Танай энд чөдөр тэсгээдэггүй газар гэсэн. Морио алдах хэрэг гарах нь ээ!” гэхэд “Гэмгүй, гэмгүй. Өөхөн (энүүхэн) Шар хонхрын ам өөд чөдөрлөчих, чөдрийг чинь би маная гэж Тангад лам хэлжээ. Нөгөө хүн үгэнд нь итгээд, морио чөдөрлөж тавиад хонож. Хол замд ядарч аяншсан хүн ч тавтай гэгч нь унтаж аваад, өглөө босоод, бие засаад морио хартал, Шар хонхрын эхний тагтын цүүг (чулуугуй зүлэгтэй газар) дээр морь нь байна, хажууд нь нэг хүн суугаа харагдаж гэнэ. Орж ирээд энэ тухай ламд хэлтэл “За яах вэ, яарамгүй цайлж аваад, морио авахдаа тэр хүнийг дагуулаад ир! гэжээ. Нөгөө хүн морио авах гээд очтол, нэг хүн гараа урагш сунгасан чигээрээ таг хөшчихсөн сууж байсныг дагуулж иржээ. Лам нөгөө хүнийг “Авсан чөдрүүдээ авч ир!” гэхэд нэг шуудай чөдөр авч ирсэн. Тэр зуслангийнхан асгаад, эгнүүлж тавьсан олон чөдрөөс өөр өөрсдийн чөдрөө таньж авцгаасан гэдэг.