“Мөнгөн хүрхрээн чимээ”
Өнөөдрийн Хөгжим
2024-09-05
Хөгжмийн зохиолч Л.Мөрдорж Өвөрхангай аймгийн Өлзийт суманд клубын хөгжмийн багш хийж байхдаа 1965 онд энэ дууны аяыг хийжээ. Аймгийн засаг дарга Эрдэнэ-Очирын хүсэлтээр энэ дууг хийхээр тэрбээр Орхоны хүрхрээний дэргэд очиж ая тухтай сар гаруй болсон байна. Очсоноос хойш нэлээд хэд хоногийн дараа аймгийн дарга эргэж очиход шүдэнзний хайрцаган дээр хэдэн ноот тэмдэглэснээ үзүүлжээ. Тэгтэл аймгийн дарга “Энэ хүний дуу бичих ч дээ” гээд урамгүй байж. Жил орчмын дараа радиогоор Л.Мөрдоржийн "Мөнгөн хүрхрээн чимээ" магтуу эгшиглэхэд амьсгаа даран, уйлж сонссон гэдэг. Энэ дууг УАДБЧ-ын дуучин С.Цэцэгээ дуулсан нь аймаг орон нутгийн сүлд дуу болоод зогсохгүй нийтэд түгжээ. Хожим энэ дууны нэрээр Өвөрхангай аймагт “Болор цом”-ын энтэй яруу найргийн наадам зохиогдох болсон байна.