images

1500 төгрөгийн цалинтай сайдын суудлаас бууж 17 төгрөгийн цалинтай хоньчин болсон минь


МАХН-ын Төв Хорооны гишүүн асан Цогт-Очирын Лоохууз хэлмэгдэн цөлөгдөж явсан тухайгаа ийн хуучилж байжээ.

   "1964 оны МАХН-ын Төв Хорооны VI бүгд хурал хуралдахад улс орны хөгжил удаан, Ю.Цэдэнбалын удирдах арга барил учир дутагдалтай байгааг, мөн Ю.Цэдэнбал дарга  ард түмнийхээ дунд орж ажилладаггүй, иргэдийн амьдрал дорой байхад сайн сайхан мэтээр ярьж, сурталчилдаг, байнга бэлдсэн зүйл дээр очиж, орос эхнэрийн аяыг дагадаг, эх оронтойгоо ч танилцдаггүй гэх зэргээр шүүмжилснээс болоод намаас арга хэмжээ авахуулж, Б.Нямбуу, Б.Сурмаажав бидний хэдэн нөхдийн МАХН-ын батлахыг хурааж, Төв хорооны Бүгд хурлын гишүүнээс хөөлөө. МАХН-ын Хянан Шалгах Хороон дээр бидний сар шахам байцаагаад нутаг заан суулгах шийдвэр гарлаа. Хөдөө Аж Ахуйн Яамны нэгдүгээр орлогч сайд, Сангийн Аж Ахуйн Удирдах газрын даргын алба хашиж байсан намайг Өвөрхангай аймгийн Сант суманд хоньчноор, Б.Нямбууг Дорнод аймгийн Эрээнцавын САА-д туслах малчнаар, Б.Сурмаажавыг Бэрхийн уурхайд тоо бүртгэгчээр томилов. Үүнээс хойш миний “Эсэргүү Лоохууз”-ын амьдрал эхэлсэн юм.

   Биднийг явах үед өвлийн нэгдүгээр сар, Монголын хамгийн хүйтэн улирал болж байлаа. Намайг Сант суманд хүргэж өгөхөөр ХААЯ нэг ачааны машин бэлэн болгожээ. Тэр үед манай хоёр хүүхдийн нэг нь найман настай, нөгөө нь хоёр настай байлаа. Мөн миний эгч, хойд ээж гээд 70 гарсан настай хоёр хөгшинтэй хөдөө нүүхээр болж байгаа юм. Тэр үед орон сууц улсын өмч байсан тул шууд байрнаас гар гэж хөөлөө. Тэгээд нутаг заагдсан Сант сумандаа ирлээ дээ. Эхнэр маань Сант сумын эмнэлэгт ажиллах зөвшөөрөлтэй байсан тул гэрээ сумын төв дээр барих гэтэл аймгийн Дотоод яамны хэлтсээс утас ирж, гэрээ сумын төв дээр барьж болохгүй, заавал мал хариулах газраа барь гэсэн байв. Ингээд сумын нэгдүгээр бригадын хоньчин хүний хариуцсан хонины суурьт туслах хоньчин болж 100 толгой хонь авлаа. Хонь маллах надад төвөгтэй биш л дээ. Манайх хотоос гарахдаа мөнгөө нэлээд ширүүн зарсан тул мөнгө дууссан байв. Нэг сар хонио хариулаад цалингаа автал 17 төгрөг 50 мөнгө өгч байна. Би чинь сайд байхдаа 1500 төгрөгний цалинтай байсан хүн шүү дээ. Ингээд авсан цалингаа дараагийн цалин буутал хэрэглэх болж байгаа юм. Тэгээд бодлоо. Гурил, будаа, цайнд л мөнгө их орох болж байгааг ойлгов. Хоёр хөгшинтэй ирсэн тул цай их ууна. Тэр хоёрыг цайгаар тасалж болохгүй. Хүн танихгүй газар ханиад хүрээд өвчин тусвал их аюултай. Ийм үед заавал мөнгөтэй байх хэрэгтэй гэж бодоод 5 төгрөгийг шаардлагатай үед эм авахаар хураагаад үлдсэн мөнгөөрөө 10 кг шар будаа, 2 кг гурил, дугуй булант цай талыг, нэг хайрцаг ёотон авахаар төлөвлөөд сумын дэлгүүр орж нөгөө зүйлүүдээ авлаа. Манай гэр сумын төвөөс 25 км зайд, би тэмээ унаж ирсэн байсан юм. Тэгээд гэртээ харихаар явж байтал нэг залуухан хүүхэн замд тааралдлаа. Тэр хүүхэн:

-Та харих гэж явна уу? Таних хүнгүй хэцүү байгаа биз дээ? Манайд ороод цай уугаад явах уу гэхэд нь дуртай зөвшөөрч түүнтэй хамт гэрт очиход нэлээд тохитой, чинээлэг айл байна. Тэр хүүхэн цай хоол хийж өглөө. Өөрөө цагаан хурганы арьсаар дээл хийж байна. Би:

-Цагаан сарынхаа гоёлыг хийж байгаа юм уу?

-Тийм ээ. Нөхөртөө дээл хийж байгаа юм. Хурганы арьс элдүүр муутай, таарч өгөхгүй хэцүү байна.

-Танай энд хурганы арьс ямар үнэтэй байдаг юм бэ?

-Элдээгүй арьс нэг төгрөг, заримдаа 2-3 төгрөг байдаг юм. Манай энд арьс элдэх хүнгүй болчихсон. Элдсэн арьсыг бол 15 төгрөгөөр авдаг.

-Тэгвэл би өөрт чинь сайхан элдсэн хурганы арьс авчраад өгвөл 15 төгрөгөөр авах уу?

-Авалгүй яахав. Би хийж байгаа дээлэндээ тааруулж авна шүү гэж байна.

-Би чамд элдсэн хурганы арьс авчирч өгье. Чи бусад юмаа хийж бай гэж хэлээд түүний дээл хийж байгаа хурганы арьснаас жаахан өөдөс авлаа.

   Ингээд нөгөө өөдсөө бариад нэгдлийн нярав дээр очоод ийм хурганы арьс өгөхийг гуйв. Тэгтэл нярав “Тэр хаалгыг тат даа” гээд нэг хаалга зааж байна. Хаалгыг онгойлгоод харвал хурганы элдээгүй арьсыг таазанд тултал хураажээ. Нярав намайг дуртайгаа ав л гэж байна. Зүгээр авч болохгүй гээд эм авахаар хадгалсан таван төгрөгөө өгтөл тэр ихэд гайхаад “Би наадхаар чинь яах юм. Авахгүй” гэж байна. Тэгээд тэмээгээ унаж гүйлгэсээр харилаа. Нэг арьс элдэхэд нэг сар хонь хариулсны дайны мөнгө болох нь байна шүү дээ. Манайхан нөгөө арьсыг дор нь дэвтээгээд угаагаад эхлэв. Арьсыг талхидах, цулгуйлах, өнгөлөх гэсэн гурван дамжлагатай элддэг юм. Нэг өдрийн дараа миний арьсны элдүүр гүйцлээ. Өглөө босоод цайгаа уучихаад нөгөө элдсэн арьсаа аваад, замдаа хүнээс нуугдасхийн явсаар нөгөө хүүхэнд хүргэж өгвөл “Ёстой сайхан элдсэн байна. Бүгд ийм байсан бол сайхан дээл болох байж” гээд 15 төгрөг өгч байна. Ингээд 15 төгрөгөө аваад нэгдлийн нярав дээр дахин очоод 15 төгрөгөө хүчээр өгөөд гурван хурганы арьс сонгож авлаа. Мөнгө өгөхөд тэр гайхаад л хоцорч билээ. Ингээд гурван арьсаа хурдан элдээд нөгөө хүүхэнд 45 төгрөгөөр өгч, дахин нэгдлийн нярваас 45 төгрөгөөрөө есөн арьс авлаа. Энэ мэтээр 20 хоногийн дотор хурганы арьс элдэж зараад 800 төгрөгтэй болж орхив. Үүнээс хойш бидний ойр орчинд амьдарч байгаа хүмүүсийн амьдралыг судалж, тэдэнд юу хэрэгтэй байгааг тандаж үзэв. Малчид бүгд морь унадаг, эмээл тохдог. Эмээлэнд хамгийн хэрэгтэй зүйл бол гөлөм юм. Гэтэл тэр гөлмийг дэлгүүрт зардаггүй, бас гөлөм хийж чаддаг хүн байдаггүйг олж мэдлээ. Монголчууд унаж яваа мориныхоо эмээлийг гоёх дуртай хүмүүс шүү дээ. Тал нутгийнхан булигаараар гөлөм хийдэг, гэтэл булигаар нь маш ховор. Сумын дэлгүүрт хааяа ирээд дуусна. Нэг булигаар 100 төгрөгийн үнэтэй, нэг булигаараар хоёр гөлөм хийж хүрнэ. Нэг булигаар гэдэг маань бүтэн үхрийн шир л дээ. Тэр нутагт гөлөм хийдэг Ренчин гэдэг ганцхан хүн байгааг олж мэдээд сумын дэлгүүрт үлдсэн ганц булигаарыг худалдаж аваад Ренчин гуайн гэрт очоод гөлөм хийх аргаа зааж өгөхийг гуйлаа. Хөлсөнд нь өвлийн идэш өгнө гэж амлав. Тэр хүн ч дуртай зөвшөөрч, би дуулгавартай шавь боллоо. Тэр булигаараар Ренчин гуай хоёр гөлөм эсгэлээ. Гөлөмний эмжээр, угалз, цаашлаад оёх аргыг заалгаж авлаа. Түүний багаж хэрэгслийг түр зээлж аваад өөрөө бие даан гөлөм хийх ажилдаа оров. Ренчин гуай манайхаар үе үе ирж зааж сурган, би ч заалгаж оролдсоор өөрөө бие даан хоёр гөлөм хийж орхилоо шүү. Ингээд хүмүүс ч сураглаж ирээд, би хоёр гөлмөө 1200 төгрөгөөр зарлаа. Нэг зуун төгрөгөөр авсан булигаараа 1200 төгрөг болгож байгаа хэрэг. Ингээд их ч баярлаж урам ороод 4-5 боодол булигаар худалдаж аваад гэр бүлээрээ нийлэн нэг сард 10-20 гөлөм хийдэг болов. Олон танилтай болж миний орлого хонь хариулаад авдаг цалингаас хэдэн арав дахин өсөөд тарчиг амьдрал минь сайжирч гэрээ дулаан эсгий, цагаан бүрээстэй болголоо. Уйгагүй хөдөлмөрлөсний дүнд удалгүй гурван дугуйтай “Урал” мотоцикль авлаа. Нэг жилийн дараа Польш улсад үйлдвэрлэсэн “Варшав” гэдэг суудлын машиныг Оросын Элчин сайдын яамнаас 18 мянган төгрөгөөр авлаа. Өөрөө ч олон малтай болов. Манайх Улаанбаатараас хов хоосон нүүж ирсэн шүү дээ. Жил болгон 15 гүү уяж саадаг боллоо. Өөрийн амьдарч буй Сант сумын гөлөмний хэрэгцээг 100 хувь хангаад, ойрхон Баян-Өндөр, Баянгол, Өлзийт, Бүрд сумын хүмүүс манайхаас ирж гөлөм авдаг болсон доо. Улмаар гоёлын гөлөм, мөнгөн тоногтой эмээл хийхэд 6000 төгрөгийн үнэ хүрч байна. Манай хөдөөнийхөн үр хүүхдэдээ мөнгө хайрлахгүй, чанартай, нүнжигтэй сайн юм авч өгөх гээд хайгаад байдаг юм. Тэгээд мөнгөн тоногтой гоёлын эмээлийн захиалга ирдэг боллоо. Дадал сууж нэг жилд дөрвөн эмээл хийдэг болоод ирж байгаа юм. Дөрвөн эмээл гэдэг 24 мянган төгрөг шүү дээ".

Үргэлжлэл бий.

Совдын Баатар. “Цогт-Очирын Лоохууз: Ойр гишгэж, хол харж явъя” номын 276-283 дугаар тал.