images

Хамрын хийдийн тахилчийн гайхамшигт түүх


Түдэв

   1921 онд коммунистууд засгийн эрхэнд гарах үед Монголд хамгийн багадаа 700 гаруй сүм хийд, 110 мянга орчим лам байв. Буддын сүмүүд зохион байгуулалт өндөр, баян чинээлэг, хүчирхэг нөлөөтэй байсан тул тэдний улс төрийн нөлөөг таслан зогсоож, шахан зайлуулах нь социалист нийгмийг бүтээхэд чухал гэж үзжээ. Ингээд 1930-аад оноос Сталин, Чойбалсан нарын шууд удирдлага дор “цэвэрлэгээ” эхэлж 1938 он хүртэл үргэлжилжээ. Энэ хугацаанд Монгол, Зөвлөлтийн хамтарсан арми бараг бүх сүм хийдийг газрын хөрстэй тэгшилж, бүх лам нарыг хөнөөхийг нь хөнөөж, цөлөхийг нь цөлөв. Хядлагын үеэр Монголд зөвхөн гурван сүм үлдсэн гэдэг.

   Эрх баригчид Хамрын хийдийг хааж эхэлсэн яг тэр цаг үед Данзанравжаагийн тахилч Балчинчойжоогийн ач хүү Түдэв тахилчийн албыг хүлээн авчээ. 1937 онд Зөвлөлтийн Улаан арми Сайншандын ойролцоо баазаа байгуулж, 1938 онд хоёр орны хамтарсан арми хийдийн ойролцоо өөр нэг бааз нээжээ. Түдэв тангаргийнхаа дагуу үүргээ гүйцэтгэв. Тэрбээр Данзанравжаагийн өв, уран бүтээлүүдийг шөнөөр авдарлаж, 10 километрийн алс дахь Энгийний голын эрэг дагуух хуурай газар нуух хүнд хүчир, аюул ихтэй ажлыг хийжээ. Ингэхдээ 64 хоногийн турш шөнө бүр нэг авдар зөөж нууц газраа авчирна. Хэдийгээр ярдаг, хөгшин атандаа хаа нэг ачих ч голдуу өөрөө үүрч зөөдөг байсан гэнэ. Авдруудаа эргийн дагуух хайрга сайртай хэсэгт булаад, зөөж авчирсан том чулуугаараа дарна. Тухайн үед Данзанравжаагийн занданшуулсан шарилыг зөөх боломж байгаагүй тул шатааж, чандрыг нь бусад үнэт зүйлстэй хадгалжээ. 65 дахь шөнө цэргүүд Хамрын хийд рүү ирж, бусад бүх эд зүйлс, өв соёлыг устгаж, үлдсэнийг нь хамж аваад явсан байна. Хийдийн 300 ламыг баривчилж явснаас хойш хэн ч дахин харсангүй. Түдэв Хамрын хийдийг харж хандах ажлаа үргэлжлүүлж, хавар бүр өнөөх голын эрэг дээр очиж нуусан юмаа эргэж тойрдог байлаа. Тэрбээр төрсөн ганц охин, өргөмөл ганц хүүтэй агаад тэдэнд ч, бусдад ч ганц үг цухуйлгаагүй гэдэг. Засгаас ирэх аюул занал удахгүй төгсөнө гэж тэр ямагт итгэж, цаг нь ирэхэд хутагтын өвийг Хамрын хийдэд буцааж тавих байлаа. Гэвч хүсэн хүлээсэн мөч нь ирээгүй тул үе залгамжлах хүнгүй байгаадаа зовниж эхэлжээ.

Алтангэрэл

   1960 онд Түдэвийн охин нөхөртэйгөө Улаанбаатарыг зорьж, 10 хүүхдийнхээ гурав дахь нь болох Алтангэрэлийг төрүүлжээ. Түдэвт байдаг урвуу харсан "D" хэлбэртэй мэнгэ хүүд нь байгааг тэд анзаарав. Аавынхаа нууцыг мэдэхгүй ч уг мэнгэнд нэг учир бий гэдгийг гадарлах тул Сайншанд руу утас цохиж, хөдөө хонио бэлчээж явсан Түдэвт хэл хүргүүлэв. Түдэв мэнгэний талаар сонссон даруйдаа мал сүргээ орхиж, Сайншандын галт тэрэгний буудал руу давхиж очоод морио тэнд нь уячхаад Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд суужээ. Хотод очмогцоо Алтангэрэл хүүгийн буй II төрөх рүү яаравчлав. Эмнэлэгт орж ирсэн хойноо мэндийн ч зөрүүгүй, нягтлан харж байснаа “Та нарт өөр хүүхдүүд бий. Энэ хүү минийх” гэж хэлээд Алтангэрэлийг Сайншанд руу авч яваад ирээдүйн тахилчийг өсгөж хүмүүжүүлжээ.

   Би 2001 оны аравдугаар сард Хамрын хийдэд зочлохдоо Сайншанд дахь Данзанравжаагийн музейг мөн үзэж билээ. Тэгэхэд би Балчинчойжоогийн удмын сүүлчийн тахилч Алтангэрэл 1991 онд нууц өвөөр уг музейг байгуулсныг олж мэдсэн юм. Найз нөхдөөрөө дамжуулан нэлээд удаан төлөвлөсний эцэст 2002 оны тавдугаар сард би ХААН банкны гэрт Алтангэрэлтэй тухлан сууж, нэгэн цагт түүний ганцаараа мэддэг байсан 200 жилийн түүх хийгээд Данзанравжаа, Балчинчойжоогийн талаар хөөрөлдөв. Өдгөө Говийн догшин ноён хутагт Данзанравжаа болон түүний өвийг хэдэн үеэрээ хамгаалж ирсэн тахилчдын удмын талаар хүмүүсийн мэдэх бүхэн Алтангэрэлийн 1991 оноос хойш нийтэд толилуулж буй үзэсгэлэн, хэвлэлүүдээс улбаатай. Эл түүхийг гол эх сурвалжаас сонсох гэж буйдаа би ихэд догдолж байв.

   Түдэв лам хүнийг бэлтгэдэг сонгодог боловсролыг өөрийн хатуу чанд дэглэмтэй хослуулан ач хүүгээ өсгөжээ. Түүнд монгол хэл бичгээс гадна манж, төвөд хэл зааж, Данзанравжаагийн бүтээлүүдийг цээжлүүлсэн аж. Алтангэрэл буддын гүн ухаан, шашны ухаан, яруу найраг, түүхээр хүмүүжсэн байна. Түдэв өөрөө хичээл заахаас гадна өөр зургаан ламаар хүүд хичээл заалгана. Хүү иог, бясалгал үйлдэж, шүлэг найраг бичих даалгавартай байв. Энэ бүхэн тахилчийн үүрэг гүйцэтгэхэд учрах, саад тотгор, сорилт бэрхшээлүүдэд оюун ухаан болон ёс зүйн хувьд бэлдэж буй хэрэг гэх өвөөгийнхөө үгийг Алтангэрэл эшлэж билээ.

   Алтангэрэл өвөөгөө ширүүн, дориун хүн байснаар дурсдаг. Хөвгүүн өдөр бүр үүр цайхаас өмнө сэрээд залбирч, маани мэгзэм уншаад гал түлж, цай чанах ёстой байв. Өглөөний цай гэвэл ганц аяга цай, нэжгээд боорцог төдийхөн. Өдөр мөн ганц аяга цай, төдий хэмжээний сүүтэй будаа иднэ. Орой нь дахин нэг аяга цай, нэг аяга борцтой шөл ууна. Алтангэрэл ямагт өлөн зэлмүүн явдаг байснаа дурдав. Харин долоон нас хүрээд Сайншандын дунд сургуульд явах болсноор жирийн монгол хүүхдүүд юу идэж уудгийг мэдэж авчээ. 1970-аад оны үед нутгийн нэг хүн Түдэвээр лүүжин тавиулсан талаар Алтангэрэл дурслаа. Дотоодыг хамгаалахын ажилтан түүнийг барьж, мөрдөн байцаахаар авч явжээ. Тэд Алтангэрэлд өвөө нь дор хаяж гурав хоног шоронд байна гэдгийг хэлэхэд хүү хэсэг ч атугай дарамтаас ангижирлаа хэмээн сэтгэж ихэд баярласан гэнэ. Ингээд Түдэв буцаж ирээд гурван өдрийн дотор нэг сарын хүнсээ бүгдийг нь идчихсэн жаалын тоосыг гөвжээ. Түдэв хамгийн өчүүхэн алдаа дутагдал дээр үндэслэн Алтангэрэлийг гөвших нь энүүхэнд. Бас шийтгэл болгож хурц ирмэгтэй чулуу дүүргэсэн таар үүрээд хэдэн километр газар алхахыг тушаана. Түүнчлэн буддистуудын хувьд цээртэй газар болох хүн тавьдаг газар руу Алтангэрэлийг дагуулж очоод хүйтэн шөнө ганцааранг нь хонуулахаар үлдээнэ. Энэ нь хүнд хэцүүг давахад нь бэлтгэж байсныг Алтангэрэл тайлбарлав. Үеийн хүүхдүүдээс тэс өөрөөр амьдарч буйнхаа учрыг олох гэж багадаа ихэд гайхдаг байсан гэнэ. Ингээд эцэст нь Түдэв ач хүүдээ нууцыг дэлгэжээ.

   1967 онд Алтангэрэлийг долоон настай байхад нь Түдэв голын эрэг рүү дагуулан очиж, 64 авдрыг нуусан 17 газрыг харуулав. Зүг чигийг бичиж үлдээх нь өндөр эрсдэлтэй учраас хүүд тэдгээрийн байршлыг тогтоолгожээ. Мартсан тохиолдолд билгийн тооллын дунд сарын 15-ны бүтэн сарны туяагаар баримжаалан хэрхэн олох аргыг зааж өгчээ. 1984 он хүртэл 17 жилийн турш тэд сар тутам эрэг рүү очиж, нэг удаад нэг авдар гаргаж ирдэг байв. Хаалттай цаг үед тэдгээр авдрыг хамгийн багадаа нэг удаа, заримыг нь хоёр гурван удаа гаргаж ирж үзсэн гэнэ. Түдэв авдрыг болгоомжтой нээгээд агуулсан зүйлсийг нэг нэгээр нь Алтангэрэлд үзүүлж, юунд ашигладаг, ямар учиртай эд болохыг нь тайлбарлаж өгнө. Тэмдэглэж авах мөн л осолтой учраас эд агуурс бүрийг нэг бүрчлэн тогтоож авах ёстой. Дараа нь Алтангэрэл тухайн эдийн тухай ойлгож тогтоосон бүхнээ өвөөдөө эргэн хэлэх зуураа авдарт анх байсан ёсоор нь буцаан хийдэг байв. Хутагтын өв магад дахин зуун жил газарт хадгалагдана хэмээн таамаглаж явахыг өвөө нь Алтангэрэлд сургажээ. Тиймээс бөс даавууг хянуур зөв эвхэж, төмөр эдлэлүүдийг зэврүүлэхгүйн тулд адууны тосоор тослох ёстой. Авдруудыг задалж, цаг хугацааны ая даахаар бат бэх болгохын тулд модон хөндөл бүрийг нь адууны тосонд буцалгах учиртай. Дараа нь авдар бүрт шинэ нүх ухах юм. Ингэхдээ чийг шингээх үүднээс тус бүрийнх нь ёроолд хүүдийтэй аргалын үнс тавина. Авдрыг ширэн уутаар бүрж битүүмжилнэ. Тэгээд ширийг эмхэрдэн оёод эмжээрийг нь модны давирхайг үнстэй хольсон зуурмагаар лацдах ёстой. Лацдахаас өмнө таваг дээр жаахан гал асааж, ширэн уут руу утаж, хүчилтөрөгчийг соруулахаа мартаж болохгүй. Хамгийн сүүлд нь битүүмжилсэн авдар луу чийг нэвчихээс сэргийлж бас нэг аргалын үнстэй хүүдийг гурвалжин хэлбэртэй модон тулгуур дээр тавьж, төмөр сав хөмрөн тавих ёстой. Ингээд нүхийг хөрс шороогоор дүүргэн булаад том том чулуугаар дарна. Тухайн байршил бүрийн гурав, дөрвөн авдрыг гаргаж ирж задалж буцаагаад далдлахад дунджаар 7-10 өдөр зарцуулна. Сүүлд нь Алтангэрэлийн сургалтад ашиглах гэж найман авдрыг Түдэвийн гэр луу зөөжээ. Баригдах аюултай тул тэд зөвхон шөнө дөлөөр ажиллана. Түдэв нутгийн малдад хар авхуулахгуйн тулд ач хүүгээ лам болгохоор бэлтгэж байгаа гэж хэлжээ. харин баригдсан тохиолдолд хутагтын өв бүрэн сүйтгэгдэж, хэн хэн нь шоронд орж болзошгүйг өвөө, ач хүү хоёр ухамсарладаг байв.

Шинэ тахилч

   1980 онд Алтангэрэл тухайн үеийн шаардлагын дагуу цэргийн албанд мордлоо. Өвөө нь түүнийг Сайншандад цэргийн жолоочоор хуваарилуулсан байв. Ингэснээр тахилчийн бэлтгэл тасрахгүйгээс гадна авдар хайрцгаа зөөхөд машин барих чадвар хэрэгтэй. 1984 оны нэгэн өдөр Түдэв ач хүүгээ дуудаж ирүүлээд адуун сүргээсээ хоёр морь сонгож унаад ойролцоох Хар уулыг зүглэжээ. Тэнд 25 настай Алтангэрэл Балчинчойжоогийн тангарагийг өргөж, хөөргийг хүлээн авчээ. Тэгэхэд Түдэв “Ингээд чи тахилч боллоо. Би чамд мэдэх бүхнээ зааж сургасан, одоо цөм чиний мэдэлд үлдлээ. Миний үед буу зэвсэг намайг сүрдүүлж ирсэн. Хэрвээ би 64 авдартайгаа баригдвал үхэх ялаар шийтгүүлэх байлаа. Харин энэ цаг үед чамайг мөнгө төгрөгөөр далайлгах вий” гэсэн аж. Улмаар өвөө нь Алтангэрэлийн өмнө өвдөг сөгдөөд "Өвөө нь чамаас өршөөл эрж байна. Би чамайг эцгийн хайраар хайрласан боловч учиг холбоо үүнээс илүү. Чамайг зовоож, зодож жанчиж байсан минь ерөөс Монголын ард түмний төлөө юм. Ирээдүйд тохиох саад тотгор, хүнд хэцүү цаг үед чамайг бэлдэхийн тулд оршуулгын газар унтуулдаг байсан” хэмээн өчсөн гэдэг. Түүнчлэн орчин үеийн шаардлагад нийцэхийн тулд их сургуульд элсэж, дээд боловсролтой болохыг даалгасан байна. Тиймээс Алтангэрэл дараа жил нь цэргээс халагдаад Улаанбаатар дахь Багшийн дээд сургуульд элсжээ. 1988 онд гуравдугаар дамжаанд байхдаа нутгийн хүмүүс Хамрын хийдэд үлдсэн хоёр сүмийг сэргээн босгож байгаа талаар сониноос олж уншив. Данзанравжаагийн үнэт зүйлс өнөөг хүртэл хадгалагдаж буй агаад хариуцах хүн нь Алтангэрэл хэмээн цохон нэрлэсэн Түдэвийн яриаг нийтлэлд эшилсэн байх нь тэр.

   Нууц задарсан тул Алтангэрэл айж бэргэж явсаар дараагийн амралтаараа Сайншандад очиж юуны учир олон нийтэд зарласныг өвөөгөөсөө асуужээ. “Цаг өөрчлөгдсөн. Хорвоо ертөнцийг тойрон үлээх салхи лугаа цаг үе бүр өөрийн төрхтэй. Өөр цаг үед хийсэн зүйлсийнх нь төлөө хүмүүст хорсол тээж болохгүй. Одоо чи зүрх сэтгэлээ чагнаж, цаашид юу хийхээ шийдээрэй" гэж Түдэв хариулсан байна. Алтангэрэл сургуулиа төгсөж, 1989 онд Сайншандад ирээд хоёр жил багшаар ажиллажээ. 1990 онд коммунист дэглэм нуран унахад тэрбээр Данзанравжаагийн нууцуудаас илчлэх цаг ирлээ гэж үзсэн байна. Хамрын хийдийн хоёр сүмийг сэргээн босгох ажил ч дууссан тул 1991 онд найман авдрыг ухаж гаргаж иржээ. Бас 1991 онд аймгийн удирдлагууд түүнд Данзанравжаагийн музей байгуулах барилга гаргаж өгөв. Тэрбээр дахин 24 авдрыг гаргаж ирээд хутагтын туурвисан таталбарууд, уран зургууд, театрын хувцас хэрэглэл тэргүүтнээр музейг дүүргэв. Үүнээс хойш тэрбээр уг музейн захирал хэмээх нэрийн дор тахилчийн ажлаа үргэлжлүүлжээ. Түдэв тахилч шинэ сүм, музейн алиныг ч харж чадалгуй 1990 оны арванхоёрдугаар сарын 9-нд таалал болжээ. Түдэвийн хадгалж үлдээсэн өвийн хагас нь буюу тэрхүү 32 авдар өв өдгөө Монголын ард түмэнд нээлтэй болжээ. 1980-аад онд Алтангэрэлийн ээж Түдэвийн гэрийн ойролцоо байсан найман авдрыг Улаанбаатараас ирсэн “музейн албан тушаалтнууд”-д хүлээлгэн өгсөн ч барааг нь хэн ч, хэзээ ч дахин олж үзээгүй гэдэг. Мен өөр хоёр авдар хулгайн гарт орж, үлдсэн 22 авдар Түдэв, Алтангэрэл хоёрын булсан газарт хадгалагдаж буй. Чухам хаана гэдгийг нь зөвхөн Алгангэрэл мэднэ. Тэдгээрийг агуулах орон зай, анхааралтайгаар арчлан хамгаалахад шаардлагатай хөрөнгө мөнгийг олсон хойноо гаргаж ирэх тул аюулгүй газар байсан нь дээр гэж үзжээ. Хэрэв Данзанравжаа Монголын үндэсний баялаг аваас өвийг нь 181 жил хадгалж хамгаалж ирсэн удмын хүн Алтангэрэл ч бас үндэсний баялаг юм. Гарцаагүй болгоох учиртай сүүлийн асуултаа тавихад минь Алтангэрэл инээмсэглэн “Хоёр хүүгийн минь нэг нь мэнгэтэй. Би түүнийг дараагийн тахилчаар бэлтгэж байгаа” хэмээсэн юм.

Эх сурвалж: Ж.Питер Морроу “Миний Монгол: Амьдрал учралын дурсамж” номын 430-440 дүгээр тал