Хувилгаан Нанжид гэж хэн байв?
Өнөөдрийн Хууч
2024-07-16
Үндэсний бөхийн талбарт алдар цуу нь гоцлож мандаагүй ч хувилгаан эрдэм шид нь олон түмэнд шүтэгдэж явсан нэгэн содон бөхийн тухай Сэлэнгэ аймгийн нэрт уяач Дамдиндоржийн Энхбат хуучилсныг толилуулж байна. Тэрбээр сонин содон намтартай Дэмбэрэлийн Нанжид арслантай ихээхэн ойр дотно явсан нэгэн ажээ.
Хувилгаан Нанжид хэмээн Булган, Сэлэнгийн чигт алдаршсан эрэмгий дайчин барилдаантай, шашны номд мэргэшсэн энэ бөх Архангай аймгийн Хашаат сумын хүн юм. Арван хоёр настайгаасаа хувилгаанаар тодорч Хөгнөхан ууланд нэгэн номтой ламын хамтаар хэдэн жилээр ном бясалган суусан гэлцдэг. Сүсэг бишрэл хориотой, социалист үзэл суртлын хэцүү цаг үе тул гэр орноосоо дайжих тохиолдол ч элбэг байж. Үндэсний бөхийн ногоон дэвжээнд хурдан шуурхай, эрэмгий сайхан барилдаанаа үзүүлж, 1974 онд Сэлэнгэ аймгийн баяр наадамд Архангай аймгийн Өлзийт сумын харьяат, Өөлдийн нэртэй бөхчүүдийн нэгэн болох С.Жамъянсүрэнг орхин түрүүлж аймгийн арслан цолонд хүрчээ. Хойтон жил нь үзүүр түрүүнд үлдэж улсын начин Товуугийн Намсанд унаж үзүүрлэжээ. 1982 онд Сэлэнгэ аймгийн баяр наадамд гурав дахиа шөвгөрч түрүү бөх Алтанбулагийн Г.Галбадрахад унаж байлаа. 1979 онд Ардын хувьсгалын түүхт 58 жилийн ойн баяр наадамд хоёр даваад, гурвын даваанд тус наадмын начин Дамдингийн Баяраад тахим буулгасан юм.
1991 онд эртний түүхт Эрдэнэзуу хийдийг сэргээхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж гэсгүй ламаар нь таван жил ажилласан. Шашны номд гэгээрсэн Нанжид арслан зовж зүдэрсэн олон хүнд ач буянаа хайрласан, ажил амьдралд нь өмөг түшиг болж Сэлэнгэ, Булган, Дархан-Уул, Орхон аймгийнханд хувилгаан Нанжид гэгдэн бишрэн шүтэгдэж байлаа. Түүний талаар улсын уран барилдаант заан У.Пүрвээ "Д.Нанжид дууны үг бичнэ, ая хийнэ, урт богинын дуу сайхан дуулна. Ярьж хөөрөлдөх, наадаж наргихад бусдыгаа хөгжөөдөг баясгаж чаддаг, сэргэлэн золбоотой, ёстой л нэг нүүрийн буянтай хүн дээ" хэмээн дурссан нь бий.
Анхны дуулиан
Ер багаас нь л хувилгаан шид нь тодорсон гэлцэнэ. Арван хэдтэй хүүхэд Булган уулыг тахиж анх дуулиан тарьжээ. Өвгөн лам нарыг уриалж цуглуулаад Булган уулыг тахив. Уул тахих байтугай, улаан орхимжны бараа ч тасарсан цаг шүү дээ. Аймгаас нь Улаанбаатар хот руу мэдэгдэж Аюулаас хамгаалахынхан ирж уулыг бүсэлсэн байна. Гэтэл гэнэт цас мөндөр, шуурга болоод хамгаалахынхан баривчлах манатай, өөрсдөө чиггүй төөрцгөөсөн байдаг. Энэ үед Д.Нанжид хөгшдийн гар дээр үлдсэн сударт салхи оруулдаг ганц хүн болчихоод байв. Бууз, баншаар дайлуулж, багагүй өргөл барьцтай ч харьдаг байж. Хашаатын сургуулийн дотуур байранд сууна. Сурагчдын амралт дөхөж байжээ. Гэрээ санасан хүүхдүүд цонхон дээр эргэлдэж, ирж авах хүнээ хүлээнэ. Байрны хүүхдүүд оройн цагаар Д.Нанжидын тасагт цуглаж үзүүлж харуулахаар жагсацгаана. Зоос гүйлгээд л хэлээд байдаг байж. Тамтаггүй ч мэргэн хэлдэг байв гэнэ. Гэрээс нь хүн ирж авахгүй байгаа охинд “Өнөөдөртөө танайхаас хүн ирж авахгүй юм байна. Ах чинь мориндоо явж байгаад унаад тархиа хагалсан байна. Маргааш ирж авах юм байна” гэжээ. Үнэхээр маргааш нь нөгөө охины ах толгойгоо боочихсон ирж авахдаа яг л Д.Нанжидын зөгнөсөн ёсоор үйл явдал өрнөснийг ярьжээ. Энэ явдал тал нутгаар хуурай өвсөнд ассан түймэр шиг дэгдэж, сургууль дээрээ үзэж харсан гэдэг асуудлаар баригдсан байна. Ингэж л анх буруудсан юм гэдэг.
Гэртээ харьж амжилгүй баригдсан нь
Д.Нанжид, Х.Галиндэв (даян аварга Ц.Чимэд-Очирын зээ, маш ирээдүйтэй сайхан залуу байсан) нар Архангай аймгийг төлөөлөн өсвөрийн улсын аваргад хүч үзсэн юм билээ. Д.Нанжид насандаа тун сайн барилдаж дээгүүр байр эзлэжээ. Архангай нутгаа төлөөлөн сайн барилдсан хоёр хүүхдийг аймгийн төв дээр буунгуут гуулин хөгжимтэй тосч авсан байна. Харамсалтай нь Х.Галиндэв гуулин хөгжмийн зүг, харин Д.Нанжид хар гэр лүү явжээ. Сүүлд “Улсын аваргаас гэртээ харилгүй баригдаад явахад л жаахан эвгүй санагдаж байсан шүү” хэмээн өгүүлж байсан гэдэг ээ. Тийм л цаг үе байж дээ.
Тэр үед мөн говийн нэгэн аймгаас Бүдээ гэгч мэргэн хүүхэд тодорчээ. Алган дээрээ хараад шууд хүний асуусныг хэлдэг тийм гоц чадвартай нэгэн байжээ. Хонь хариулж явахдаа унтаж хонио алдчихаад хайгаад уйлж явахад гэнэт алган дээр нь хонь нь харагдаж, үүнээс хойш хүмүүсийг үзэж харсаар нэрд гарч Дотоод яамны хараанд өртсөн охин байв. Архангайгаас ирсэн арван хэдтэй Д.Нанжидыг говийн аймгийн Бүдээтэй цугт нь Улаанбаатарт хорьж байжээ. Нас бага Бүдээ байнга уйлж гэрээ санадаг. Арай ах Д.Нанжид хүү харин Бүдээг жаал зоригжуулж суудаг байж. “Чи тийм л мэргэн түргэн юм бол хэлээдэх. Манай гэрийнхэн юу хийж байна?” гэхээр Бүдээ охин “Та чинь ядмаг амьдралтай айлын хүү юм байна. Эмээ чинь шар дээлтэйгээ аргал, түлээгээ оруулж байна” гээд газар усны байдал нутаг орныг нь яг хэлдэг байсан байна. Хоёр дахиа ингэж баригдахад нэлээд шид нь гээгдсэн хэмээн хожим хойно дурсан ярьж байжээ. "Алдар" нийгэмлэгт цэргийн алба хааж байх үед нь онжавууд нь басаж туршаад байв. Д.Нанжид аархах тун дургүй ч нөхдөдөө үхрийн нуруун дээр цэцэг ургуулж үзүүлжээ. Хажуугаар бэлчиж явсан үхрийн нуруун дээр шар цэцэг хэсэг ургаад алга болсон хэмээдэг.
Дахин буруудсан нь
1975 онд Улаанбаатар хотод дархан аварга Х.Баянмөнхийг чөлөөт бөхийн бэлтгэл хийж байхад арслан халамцуухан таарч гэнэ. Д.Нанжид аархаж, үг хэл гаргаад байх нь ховор мөртлөө тухай үед юу болсон юм аатаж “Баянаа минь бэлтгэлтэй, бэлтгэлгүй өнөө жил дэлхийн аваргад түрүүлнэ шүү дээ” хэмээсэн байна. Үнэхээр ч арслангийн зөн билгээр Х.Баянмөнх дэлхийн аварга болж, бэлтгэлийн зааланд болсон яриа түмний дунд түгж, буруудах шалтгаан болсон байна. Үүнээсээ болж Сэлэнгэ рүү нутаг заагджээ. Тэр цагаас хойш Сэлэнгэ нутагтаа голдуу ажиллаж амьдарсан юм.
Элдэвтэй уран барилдаан
Самбо бөхийн спортын мастер, элдэвтэй гоё ч барилддаг байж. Ер нь хаяна гэсэн хүнээ хаячихаад байдаг бөх байлаа. Сэлэнгэ аймгийн захиргааны хойно Депутатуудын байр гэж хуралдаан хийдэг намхан таазтай байшин байв. Тэр үед заал танхим ховор, олдсонд л бөхийн барилдаан явагддаг байжээ. Депутатуудын байранд барилдаан болж Сэлэнгийн нэртэй арсланг өмсөж хаясан байна. Өмсүүлсэн бөхийн хоёр гутлын мөр таазан дээр зурагдан үлдсэн байжээ. Харин өөрөө “Би түрүүлээд яахав ээ Архангайн цагаач хүн. Нутгийн хүүхдүүдэд л начин өгч байхад болоо. Ингэж л би энэ дассан суурьшсан орон нутагтаа тус болъё. Сэлэнгэ нутаг шиг сайхан нутаг байхгүй. Ёстой намайг өлгийдөж авсан газар шүү дээ” хэмээдэг байжээ.
Бас нэгэн явдал
Д.Нанжид ах зааланд бөх үзчихсэн сууж байна. Би яваад орлоо. Тэгтэл гэнэт юу болов гэмээр чимээ шуугиан болоод хүмүүс үүд рүү гүйлдэж эхэллээ. Газар хөдөллөө гэдгийг хожуу ч гэсэн ухаарсан улс бүгд л хаалга руу чихцэлдээд багтаж ч гарахаа байлаа. Өнөө барилдаж байсан бөхчүүд маань ч үүд рүү зүглэж байна. Би ч уулгамч юм чинь ухасхийгээд л бостол Д.Нанжид ах ханцуйнаас татаад суулгачихлаа. Суугаад үлдтэл газар хөдлөлт ч тэгсгээд зогслоо. Юм болохгүй гэдгийг ах мэдэж л байсан хэрэг. Халамцуухан явж байгаад л гэнэт "Ийшээ нэг айл руу орох хэрэгтэй байна" гэнэ. Хашааг нь даваад л нохойг нь хуцуулаад орно. Агсраад дайрч байсан нохой ч шүргэх шиг болоход л ганхийгээд цааш эргэнэ. Нөгөө айлд ороход заавал нэг асуудалд орсон байдаг. Бие нь муудсан нэг хөгшин байх уу, үгүй бол өр ширэндээ ороод аргаа барчихсан, үр хүүхэд нь хэрэг төвөгт өртчихсөн ийм л байдаг байсан. Заавал тус болно.
Ардчиллын салхи үлээж шашин шүтэх эрх нээлттэй болов. Д.Нанжидыг Эрдэнэзуу хийдийн хамба болгох гэсэн боловч өөрөө татгалзаж гэсгүй болсон юм билээ. Маягтай гоё дуулдаг, их ч инээж наргидаг, Р.Чойномын шүлгүүдийг уншиж, өөрөө ч бас шүлэг бичнэ. Хувилгаад, эрдэмтдийн хэлсэн гоё үгсийг утга тайлж хэлнэ. Инээнэ, наргина гэдэг нь тоймгүй. Байнгын л инээд наргиан дунд явна. Уурлаж уцаарлах нь өдрийн од. Чөлөөт харилцаанд шилжээд удаагүй, хүмүүс ч сүсэг бишрэлээр цангачихсан байсан цаг. Д.Нанжидыг хаа явсан газар нутгийн хүмүүс мэдчихсэн идээ будаатай, өргөл барьцтай хүлээж байдаг байв.
Эх сурвалж: budda.mn