images

“Монгол самолёт”


Монголд нисэх хүчин дөнгөж үүсэн бий болж байхад ийм нэртэй дуу ард түмний дунд гарч, дуулагдаж байсан нь сонин. Энэ талаар судлаач, уртын дуучин С.Дуламсүрэнгийн “Өдрийн сонин”-д ярьсан нь:

 “Анх 1925 оны 5 дугаар сард Зөвлөлт Орос улсаас манай улсад нисэх онгоц бэлэглэсэн юм билээ. Герман улсад үйлдвэрлэсэн энэ онгоцыг Кольцов гэдэг нисгэгч жолоодож ирсэн гэдэг. Ингэж Монгол Улсын нисэх хүчний түүх эхэлж. Агаарт нисэх техник битгий хэл машиныг ч хараад гайхан бахдаж байсан ард түмэндээ Хүрээ захиран шийтгэх газраас “Удахгүй агаараар нисдэг төмөр шувуу нисэн ирэх тул ард олон айж сандралгүй үзэж сонирхох”-ыг уриалж байсан байна. Цагаан хуаранд нөгөө онгоц бууж. Онгоцны их нүргээн дуу чимээнээс айж сандарсан ардууд бараан доогуур, байшингийн араар нуугдаж байсан юм гэнэ лээ. Ингээд нисэж байгаа онгоцыг хараад цэцэн билигт ард түмэн маань шууд зохиомжлон дуулсан түүхтэй дуу л даа. Үг нь гэвэл:

“Шувар шувар дуутай

Шувуу шиг далавчтай

Дуутай шуутай

Монголын самолёт

Хүр хүр дуутай

Хүржигнээд нисдэг

Дуутай шуутай

Монголын самолёт

Ар ар дуутай

Агаараар нисдэг

Ард Монголын

Дуутай самолёт” гэсэн их амархан дуу. Амнаас ам дамжаад дуулагдаж байхдаа бадаг нэмэгдсэн. Сүүлдээ “Хил нутгийг хамгаалсан хөнөөлт дайсныг сөнөөсөн дуутай шуутай Монголын самолёт”, “Тунгалаг цэнхэр агаартаа шумбан нисэх нь бахтай дуутай шуутай Монголын самолёт” гээд баяжаад явчихсан. Сурахад маш амархан, дөрөвхөн нотны хооронд хэлбэлздэг дуу. Энэ дуунаас улбаалаад “Агаараар нисдэг аэроплан” гэх зэрэг дуунууд зохиогдсон. Монголын иргэний агаарын тээврийн түүхтэй яах аргагүй холбогдох дуу даа. Би энэ түүхийг нь судлаад давхар тэр үеийнх нь ая дангаар дуулж ард түмэндээ хүргэж байгаа юм”.