images

Эрдэнийн Бат-Үүл гэж сонсмогцоо би өөрийн эрхгүй босон харайлаа


МоАХ 1990 оны хавар Улс төрийн товчоог огцрохыг шаардан Сүхбаатарын талбайд анхны улс төрийн өлсгөлөн зарлаж байсан үйл явдлын талаар Төрийн шагналт зохиолч Сэнгийн Эрдэнэ ийн дурсчээ.

   1990 оны гуравдугаар сарын эхээр Дорнод аймагт ажлаар явж байлаа. Зочид буудлын радиогоор “Монголын радио мэдээлж байна. Монголын радио мэдээлж байна”. Нэвтрүүлэгчийн дуу нэг л сэжигтэй. Тэд баяр ёслолын, албархуу, жирийн улиг болсон ийм гурван янзын дуугаар ярьдгийг би андахгүй тул энэ удаад ямар нэг түгшүүр, цөхрөлийн аястай байгааг анзаарав. Тэгснээ таг болов. Тэгснээ хөгжим эгшиглэв. Мөнөөх хөгжим гэнэт зогсож, радиогийн нэвтрүүлэгч түгшүүрт дуугаар МоАХ-ны мэдэглийг уншлаа. МАХН-ын Улс төрийн товчоог огцруулах шаардлага тавьж хэсэг залуучууд өлсгөлөн зарлажээ. Өлсгөлөн зарлах ий? Өлсгөлөн зарлаад л Улс төрийн товчоог огцруулчихдаг бол ч ... Монголд өлсгөлөн зарлах гэдэг үзэгдэж дуулдаагүй хэрэг. Бурхан өршөөх болтугай. Гэвч энэ бүхэн яавч тоглоом биш бололтой. Арваад залуу Сүхбаатарын талбайд тусгайлан бэлдсэн хүрээ хаалт дунд эсгий дэвсээд хэвтэж байна гэнэ. Тэднийг нэрлэв. Эрдэнийн Бат-Үүл. Би өөрийн эрхгүй босон харайлаа. Ай муу... Эхийгээ бодоосой. Одоо яана аа. “Улс орноо авч явах чадваргүй болсон хуучныг хэт баримтлагч Улс төрийн товчоог огцруулахаар амь насаараа дэнчин тавилаа” гэнэ. Өлсгөлөн зарладаг нь юу вэ? Монгол хүн хэзээ ч ойлгохгүй. Хэдэн банди өлсгөлөн зарлалаа гээд огцордог Улс төрийн товчоо байвал ч. Шинэ сэтгэлгээ гэдэг маань энэ юм санж. Горбачев бидэнд биш дөчин мянгатын залууст илүү юм бодогдуулсан байж.

   Тасалгаан дотуураа хэд эргэлдээд гадагш гүйж гарлаа. “Одоохон нисэх онгоцны буудал руу явъя” гэж гэнэт шийдээд тасалгаандаа эргэн орж бичиг цаасаа хамхив. Тэгснээ бодлоо. Би очоод яах билээ? Хөгшинтэйгөө түр тар хийж эхэлнэ. Өлсгөлөнгөө боль гээд болиулчих биш. Улс төрийн товчооны амьдрах нас дууссан ч юм билүү? Өгөр толгой чи ч гэсэн анхных нь цуглаанд оролцоод зоригжуулж, арай залуу сан бол туг бариад жагсалцах юмсан гэж байснаа бүү март. Чи зүгээр нэг сэтгэл хөөрөөд хэлээгүй. Цаг ирвээс... Цаг нь ирсэн юм биш үү? Бичиг цаасаа буцааж тавилаа. Толгойгоо салаавчлаад орон дээрээ хэвтчихлээ. Одоо аймгийн театрт жүжгийн зохиол бичиж өгөхөөсөө илүү Монголын улс төрийн тайзан дээр эхэлсэн шинэ жүжгийг ойлгох хэрэгтэй болов. Шуудан харилцааны газарт очиж гэр лүүгээ утасдлаа. Ашгүй хөгшин минь харилцуураа авч байна. Багш хүнд баймгүй даанч бядгүй, шингэн дуугаараа цөхрөнги дуугарч байна. “Чи ирээд яах юм бэ? Юмаа хийж гүйцээхгүй юү дээ. Хэдэн залуу талбай дээр хэвтэж байна гэнэ. Би очоогүй. Дүү нар нь очиж хараад ирсэн. Хотод шөнөдөө хүйтэн гэж жигтэйхэн. Өлсөж үхэхээсээ наана осгож үхэх юм байгаа биз. Ах дүү, танилууд утасдах л юм. Хүүхнүүдийн загнаж байгаа гэж жигтэйхэн. Сая нэг омогтой авгай “Гөлөг төрүүлсэн гичий” гэж загналаа. Өөрөө баривчлагдаж, биднийгээ сүйтгүүлэх юм байгаа биз дээ” гээд хоолой нь зангирав. Өөр ч ярих юм байсангүй. Би гэнэт жигтэйхэн тайвширчихлаа. Бүр дотор минь уужраад, хорвоо ертөнц гэрэлтээд явчих шиг. Гайхалтай юм. “Болох л ёстой юм болж. Яавал яаг” гэсэн бодол ороод ирлээ. Дуулалт жүжгээ л бичих минь. Юуны төлөө зохиолч болж төрлөө.

   Маргааш нь Дорнодын талд салхи намжин наран гийв. Орой нь телевизийн нэвтрүүлэг үзтэл манай банди нөхдийн хамт Сайд нарын зөвлөлийн дарга Д.Содномын тасалгаанд өнөөх л “Огцортугай” гэсэн шаардлагаа хэлээд муухай сэгсгэр юм сууж байна. Муухай, сайхан ч гэсэн эхнэр бид хоёрын яс, махны тасархай. Зочид буудлын жижүүрийн зурагтыг үзэж суугаа хүмүүсээс би нулимсаа нууж чадсангүй. Ач хүү Чулуудай минь гэнэт санагдлаа. Тэрнийг хөгшин бид хоёр бөөцийлж хоёр нас хүргээд Шишгэдийн хонхор тийш явуулсан сан. Тийшээ би байн байн нисэн очих тул онгоцны чимээ дуулдахаар өвөө минь ирлээ гээд онгоцны буудал руу таваргадаг болсон байв. Дархад аялгаар ярьдаг болчихсон тэр минь “Зөөлөнгийн арын мод нь...” гээд нутгийн дуу дуулна. Дархадын дагшин нутагт даруухан сайхан хүмүүсийн дунд үрс минь өсч өндийгөөд ирсэн...”

С.Эрдэнэ. “Үхэх амархан, амьд явах хэцүү” баримтат туужаас