Мө Янь
Өнөөдрийн Нэр
2024-06-17
Мө Янь гэдэг нэр Монголд “Мэлхий” бүтээлээр олны танил болсон билээ. Хятадын зохиолч тэрбээр 2012 онд Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн бөгөөд жинхэнэ нэр нь Гуан Моеэ юм. Тэрбээр уран бүтээлийнхээ нэрийн учрыг 2011 онд Калифорни-Берклигийн их сургууль дээр болсон Америк-Хятадын Соёлын форумын үеэр Хүмүүнлэгийн ухааны үндэсний сангийн захирал Жим Личэд өгсөн ярилцлагадаа хэлсэн байдаг. Зохиолч “Хятадаар Мө Янь гэдэг нь “Үг бүү дуугар”, "Юу ч битгий ярь" гэсэн утгатай. Би 1955 онд төрсөн. Тэр үед Хятадад иргэдийн амьдрал хэвийн бус байлаа. Тиймээс аав, ээж хоёр надад “Гадаа битгий ярь” гэсэн. Хэрэв чи гадаа бодсон санаснаа шууд хэлбэл асуудалд орно. Тиймээс л би аав, ээжийг тэгж хэлснээс хойш юу ч яриагүй” гэжээ. Улмаар зохиол бичиж эхлэхдээ бүх агуу зохиолч уран бүтээлийн нэртэй байдаг гэж боддог байсан учраас аав, ээжийнхээ хэлснийг санаж ийм нэр өөртөө өгсөн тухайгаа ярьсан байна. Гуан Моеэ нь 1981 оноос зохиол бүтээлээ туурвисан бөгөөд Хятад-Японы дайны тухай бичсэн "Red Sorghum" роман нь 1987 онд кино болж Берлиний кино наадамд түрүүлсэн түүхтэй. Хятадын соёлын хувьсгалыг шүүмжлэн бичдэг тэрбээр Нобелийн шагнал авахдаа "Би үнэнийг л бичдэг" гэж хэлсэн юм.