images

“Хангайн магтуу”


Санаад санаад санаагаар болдоггүй

Сайхан нутгийн сор юм аа

Хүсээд хүсээд хүслээр заяадаггүй

Хүний сэтгэлийн өлгий юм аа

   "Хангайн магтуу" гэх энэ дууг "Баян Монгол" чуулгын гоцлол дуучин Б.Баяраа 1980 онд дуулж пянзанд бичүүлжээ. Тэр пянз нь Монголын анхны хоёр пянзны нэг болсон юм. Энэ дууны үгийг Г.Сэсмаа бичсэн бол аяыг нь чуулгын анхны хөгжимчдын нэг Т.Уртнасан хийсэн байна. Тэрээр 1972-1981 онд "Баян Монгол" чуулгын удирдаач, хөгжмийн зохиолч, уран сайхны удирдаачаар ажиллажээ. Энэ дуу төрөх үед дэлхий дахинаа "Euro dance" хөгжмийн урсгал давамгайлж байсан нь нөлөөлсөн талаар МУК-ийн Хөгжмийн ухаан, дуулаачийн тэнхимийн жазз хөгжмийн багш Б.Мөнхбаяр ярьсан байна. Тэрбээр блюз биш хэрнээ блюзтэй адилхан 12 такттай байгаа нь сонсохоор яараад ч байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг гээд "Анхны хувилбар нь хамгийн үнэтэй, амьтай нь" гэв. Уг дуу гарснаас хойш дуучид долоон шинэ хувилбараар дахин дуулсан юм. Эхнийхийг нь 1982 онд дуучин Л.Оюунчимэг дуулсан. Түүний хувьд Ховд аймгийн арван жилийн сургуулийн сурагч байхдаа гитартай дуулж “Авьяаслаг сурагч” алтан медалиар шагнуулаад ах нартайгаа нийлж гэр бүлийн хамтлаг болж 13 аймгаар аялан тогложээ. Тэрээр "Хангайн магтуу"-г яг анхны хувилбараар нь дуулсан бол "Навчин дээрх шүүдэр", "Эхийн тухай дурдатгал" зэрэг олон хит дууг олны хүртээл болгосон нэгэн байлаа. Дууны дараа дараагийн хувилбарыг дуучин Э.Бүрнээбаярын дүү Э.Амарсайхан, Б.Баяраа дуучны хүү Б.Хонгор, "Классик жэм", "Нюанс" хамтлаг дуулсан юм. Харин хамгийн сүүлийн хувилбарыг нь "Баян Монгол" чуулгын 50 жилийн ойгоор Т.Энхбаяр хийжээ. Тэрбээр "Swing" хөгжмийн урсгалаар найруулгыг нь өөрчилснөөр өмнөх хувилбаруудаас ондоо болгож чадсан аж. Энэ тухай Б.Мөнхбаяр "Анхны хувилбар дээр Т.Уртнасан гуай "Swing" хөгжмийн урсгалын элемэнт оруулсан учраас санаа авсан байх" гэжээ.

Эх сурвалж: МҮОНРТ-ийн “Дуун увидас” нэвтрүүлэг.