Хичээнгүй
Өнөөдрийн Нэр
2024-06-03
"Дели-1982" Азийн наадмын хүрэл медальт Самбуугийн Хичээнгүй манай сайтад нэрийнхээ тухай ийн ярилаа.
Би 13 хүүхэдтэй айлын яг дундах хүүхэд. Дээрээсээ долоо, доороосоо долоо дахь нь гэсэн үг. Аав минь миний нэрийг долоо хоног бодож байж өгсөн гэдэг. Уг нь би Архангай аймгийн төвд төрөх ёстой байж. Гэтэл ээжийн ус гэнэт гараад, онгоцоор ирж Нийслэлийн нэгдүгээр төрөхөд амаржжээ. Миний эмээ тухайн үед Архангай аймгийн дарга байсан учраас онгоц нисгэсэн гэцгээдэг. Эмээ маань Д.Дашжид гэж, Монголын аймгийн дарга нараас хамгийн анхны эмэгтэй дарга юм. Сүүлд Засгийн газрын хэрэг эрхлэх газар гадаад харилцааны зааварлагч хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Ингээд би хотод 5600 грамм жинтэй, уйлж биш инээж төржээ. Орос эх баригч төрөхийн өрөөнөөс гарч ирээд аавд “Танайд баатар төрлөө” гэсэн гэдэг. Би 194.5 см өндөр, одоо нас явсан ч агшиж жижгэрээгүй, хэвээрээ байна. Аав, ээжээс заяасан удам юм байлгүй. Манайхан бүгд өндөр. Эмэгтэйгээс хамгийн жижиг нь л 171 см байх. Миний эгчийн хүү, Японы мэргэжлийн сүмогийн хамгийн ахмад бөх Тамаваши Б.Мөнх-Оргил, АНУ-д амьдардаг дүү зураач С.Тамир гээд биерхүү улс бий. Эмээ минь надад их хайртай байсан юм. Их биерхүү төрсөн болохоор, нөхрийгөө эргэж төрлөө гэдэг байсан. Өвөө маань Шүүх яамны сайд Г.Даншийцоодол гэж том биетэй хүн байж л дээ. Өвөөг 1939 онд Москва руу авч яваад 1951 онд цаазалж, 1961 онд цагаатгалын бичиг ирүүлсэн гэдэг.
Би анх “Хүч” спорт хороонд сагсан бөмбөг тоглож байгаад 1980-аад онд бокст ороод, гудамжнаас бэртэл аваад больсон. Гурван жил бокс тоглохдоо чамгүй амжилт гаргаж байлаа. Аав маань есөн настайдаа хойшоо сургуульд явж Эрхүүгийн Рабфак төгссөн анхны монгол оюутан. МУБИС-ийн монгол хэл, уран зохиолын багш байсан. Ээж маань Анагаахын дунд сургууль төгсөөд, Цусны станцад ажиллаж байгаад хожим Эрчим хүчний яамнаас тэтгэвэртээ гарсан юм. Монголд над шиг ийм нэртэй хүн гэвэл Хичээнгүй сайд Б.Цэрэндорж гэж байсан. Яг нэр биш л дээ, нягт нямбай хүн учраас ингэж цоллосон байна. Аав минь удаан бодсоны эцэст "Сайн хүн болоорой" гэж надад Хичээнгүй гэдэг нэр өгсөн гэдэг.
Хүмүүс миний нэрийг тэр бүр хялбар цээжилдэггүй байв. Дээхэн үед найзындаа очтол гэртээ байдаггүй. Тиймээс эгчид нь “Хичээнгүй ирээд явлаа гэж хэлээрэй” гээд гартал “Хүсэхгүй гэдэг найз чинь ирсэн” гэж дамжуулсан гэдэг. Хүсэхгүй, Мэриймтгий, Хураангуй гээд янз бүрээр л дууддаг юм. Харин ижил нэртэй хүн гэвэл гурвыг ч мэднэ. Жанцангийн Хичээнгүй, Очирбатын Хичээнгүй, Болдбаатарын Хичээнгүй гэж бий. Аавууд нь миний нэрийг хүүдээ өгсөн гэдгээ надад хэлсэн юм. Би энэ хэдтэй Фэйсбүүкт "Хичээнгүйн групп" гэж үүсгээд, уулзаж учирья гэж байтал утсаа алга болгоод холбоо тасарсан. Миний амьдаа нар бүгд л сайн ажил хийж, сайн явна. Ерөнхий сайд П.Жасрайн хүү “Монгол шуудан”-гийн захирал Ж.Жанцан хүүдээ “Чам шиг өндөр залуу болоорой гэж чиний нэрийг өгсөн” гэж билээ. Ж.Хичээнгүй гэж Төрийн орон сууцны корпорацийн захирал хийж байсан жижигхэн залуу бий. Боксчин Х.Болдбаатар болохоор “Мундаг хүн болоорой гээд нэрийг нь хүүдээ өглөө” гэсэн юм. Харин Очирбат гэдэг хүнтэй гудамжинд тохиолдлоор уулзахад “Хүүдээ таны нэрийг өгсөн" гэж билээ. Хүү нь төрөх үед би тэмцээнд түрүүлж таарсан юм билээ. Одоо тэр хүү МИАТ компанид ажилладаг.
Зураг дээр: С.Хичээнгүй, Монголын Олимпын хорооны зөвлөх Ж.Отгонцагаан, жүдо бөхийн Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв нар. Зургийг Otgontsagaan Jugder Фэйсбүүк хуудаснаас авав.