Д.Хадбаатар аваргыг шоронгоос “суллуулсан” минь
Өнөөдрийн Хууч
2024-05-24
Яруу найрагч Тангадын Галсан хүчит бөхчүүдийн тухай ийн хуучилжээ
“1991 оны хонин жилийн цагаан сарын их сорилго Спортын төв ордонд болж байлаа. Тэр цагт бөх үзэхийн тулд бүх цагаа, мөнгөө үрдэг хоёр хүн байв. Нэг нь Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай, нөгөөдөх нь би. Энэ үеэр бөхийн барилдааныг “гавихгүй начин, гавьяат жүжигчин” А.Ганбаатар яруу сайхан, хэтрүү мэргэн тайлбарлаж байв. Гэвч бөхчүүд хэтэрхий удаан ноцолдож байгаад анхны ерөнхийлөгч П.Очирбат, ялангуяа Бага хурлын дэд дарга К.Зардыхан нэлээд чилээрхэж байгаа нь бүхэнд ил харагдаж байлаа. Тайлбарлагч А.Ганбаатар овсгоотой эр тул “Үзэгчид дунд өөлд өвгөн сууж байна. Та энэ бөхчүүдийн барилдааны талаар сэтгэгдлээ яриач” гээд дуун цацралт /микрофон/-аа надад атгуулчихлаа.
“Ганбаатар арслан бяртай
Гай нь баахан хийтэй
Далай даян аваргын
Далыг шороодож ч чадна
Тавдугаар ангийн пионерт
Тархиараа годоройтож ч мэднэ” гэх зуур бяртай, иртэй арслан маань суначихлаа. Ё.Ишгэн заан ид барилдаж байсан цаг даа.
“Улсын хүчит зааныг
Ишгэн гээд байхдаа яадаг юм
Ухна гэж, сэрх гэж болдоггүй юм уу” гэнгүүт “Хамар Галсан битгий хуцаарай” гээд өвдөг шороодчихлоо. Х.Баянмөнх аварга Спортын төв ордны шалыг цөмөртөл дэвсэлж, од шүүрэх нь халаг дэлэн сүрийг үзүүлсээр гарч ирэв.
“Хар Хиругийн удмын үнэн сайн бөх
Хатсан боорцог болоогүй баруун талын чих
Холоос, ойроос сүртэй бизоны бух
Хоёр олдохгүй Монголын ганц сайн бөх
Залгамж үедээ үлгэр домгийн Хавт Хасар
Зарлиг нь өнөөхөндөө гараагүй Хөдөлмөрийн баатар” гэнгүүт үлэг гүрвэл мэт суначихаж билээ. Төрийн тэргүүнүүд бөх үзэж байсан тэр цагт тайлбарлагч А.Ганбаатарын өгсөн дуу цацралтыг би “хортойгоор” ашигласан юм. Түмний санаа бодлыг төрд хүргэе гэж бодоод:
“Дөрвөн бухаар зүтгүүлэвч дөнжийхгүй хүчтэн
Дөнжин үнээ идэвч цадахгүй ходоодтой
Хорьдугаар зууны үеийн Хавт Хасар-Хадбаатар
Хонин жилийн наадмаар барилдаж түрүүлэх болтугай” гэсэн ганц л бадаг амнаасаа асгасан. Бөх үзэгчид төдийгүй ерөнхийлөгч маань алгаа цан дэлдэх мэт сүртэй ташиж харагдсан. Удалгүй Д.Хадбаатар аварга суллагдаад, миний өрөөнд ногоон хадаг барин золгохдоо “Намайг суллуулсанд тань баярласан шүү” гээд нулимсаа арчсан. Би аваргыг үнсэнгээ алгадаад “Би чамайг суллуулаагүй. Ард түмэн чинь суллуулсан шүү. Би бол зөвхөн түмэн хүн хэлэх гээд чадахгүй, төвөнхий дээр нь түгжрээд байсан үгийг л төр засагт уламжилсан. Далай олныхоо итгэлийг дааж яваарай. Дархан аварга болоорой” гэж ерөөсөн. Гуравхан хором цэнгэл эдэлснийхээ төлөө дөрвөн жил гянданд хоригдож, наадмын дэвжээнээ амжилтаа ахиулж, алдраа дуурсгах алтан боломжийг алдсан аваргын алдас хойчийн бөхчүүдэд том сургамж үлдээсэн дээ".
ikon.mn сайтад өгсөн яруу найрагч Тангадын Галсангийн ярилцлагаас.