images

Мөхийн жасын ширээт лам


Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1916 онд төрж таван настайгаасаа Дайчин бэйсийн хошууны Мөхийн жаст суусан Сосорын Дагва 2007 онд ийн хуучилжээ.

     Таван настайдаа Ширээт лам ахыгаа даган Мөхийн жас дээр ном заалган шавилж суугаад найман настайдаа Цогчэн магтаал төгсөж, Дэлгэрийн чойр дээр ахынхаа хамт ирж Хангал төгсөөд 1925 онд Богдын хүрээнд ирсэн. 1935 онд домын дамжаа барьж гэвш болсон. Монгол оронд Сталины харгис дэглэм ноёрхож, улсын хэмжээгээр лам нарыг дээд, дунд, доод гэж гурав ангилан лам бүрээс 200-2000 мөнгөн янчааны албан татвар авах болсон юм. Би 200 янчааны татвар төлж чадахгүй байсан учраас хар болсон.

     Мөхийн жасыг 1780-аад оны үед алс холоос ирсэн Доёд гэдэг халзан лам байгуулан хөгжүүлсэн юм. Тэр хүн Гүмбэн, Лавран, Баруун зууд шавилан сууж ном үзэж яваад нутаг буцах замдаа манай Мөхийн түүгээр явжээ. Тэнд хийд байгаагүй юм. Уулын зүүн талд Зүүн ханангийн агуйд 2, 3 жил нямбад суухад нь ойрын нутгийнхан түүнд шавь орсон юм гэнэ лээ. Тэгээд нутаг буцалгүй тэндээ хийд байгуулсан нь Мөхийн хийд болсон юм. Тэр хүн 60 гараад Харь холын халзан ширээт лам хэмээн нэрлэгдэж 62 хүрээд таалал төгсчээ. Түүний хоёрдугаар дүрийг 1845 онд Мөхийн харь холын халзан ширээт нэрээр залж Мөхийн жасын хамбын ширээнд суулгажээ. Тэр лам хошуу нутагтаа ном, эрдэм, шид чадлаараа гайхагдсан сайн лам байгаад 1906 онд 61 настайдаад өөд болжээ.

     Мөхийн ширээт лам Мэндбаяр нь тэр үеийн Богд хан уулын аймаг Адаацаг сумын нутагт Ширгүүний говийн хойдох Хужирт хонхор гэдэг газарт 1910 онд төмөр нохой жилийн намрын тэргүүн бич сарын 18-нд эх Пэлжээгийн гуравдугаар хүү болон мэндэлсэн. Эцэг нь сэргэлэн Шийрав гэж их номтой лам байжээ. Тэр үед лам хүнээр хүүхдийг нь овоглодоггүй байсан тул эхийнх нь төрсөн эгч болох миний ээж Сосороор овоглуулсан юм. Мэндбаяр хүүг гурван настайд нь Мөхийн хийдийн ширээт ламын гуравдугаар дүрээр VIII дугаар Богдоор сунтаг шүүлгэн тодруулж, байнгын багш өвгөн Ханд ламд гардуулан асруулжээ. Таван нас хүрмэгц нь төвөд ном зааж Мөхийн хувилгаан ламын ширээнд залаад, Богдын айлдсан Жамьяндоми нэрийг хайрласан. Ширээт ламыг Эрдэнэзуу, Баруун хүрээ, Далай гүний хүрээ, Мишиг гүний хүрээ болон өөрийн хүрээний бүх жасуудыг залж, ном айлдуулж, хуралдаа хуруулж байсныг би байнга дагаж явдаг байлаа. Тэрээр бурханы ном сайн эзэмшсэн тул Номч мэргэн хутагт, Харь холын халзан ширээт лам нэрээр алдаршсан. Цогчэн дуганд Дилав хутагтын дараах түшлэгтэй ямбанд суулгадаг байжээ. Ширээт ламыг хувилгаан, том толгой харгис гэсэн шалтгаанаар 1932 онд баривчлах гэсэн боловч өвчтэй, хэвтэрт байсан тул орхисон юм. 1934 онд таалал төгссөн. Бид Ширээт ламын алдрыг мөнхжүүлэхийн тулд Дундговь аймгийн төвийн хийдэд бурхан бүтээж, суварга босгоод Ширээт ламын байнгын сан байгуулсан юм. Жил бүрийн 9 дүгээр сарын 1-нд Ширээт ламын дайчид байнга хурдаг байхаар тогтсон.

Эх сурвалж: "Монголын сүм хийдийн түүхэн товчоон"