images

Хайрт минь, баруун хойноос нүүх үүл бүхнийг ширтэн чинийхээ мэндийг асуух юм даа


Яруу найрагч О.Дашбалбарын тухай түүний сэтгэлт бүсгүй Н.Оюунханд дурссан нь

   "1972 оны хаврын налгар өдөр ерөнхий боловсролын сургуулийн 3 дугаар улирлын амралтын үе байлаа. Миний бие Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын 8 жилийн 1-р дунд сургуульд багшлаад удаагүй. Хүүхдийн амралтаар дараагийн улирлын хичээлийн бэлтгэлээ базааж суусан сан. Би Лхагвасүрэн багштай нэг ангид ээлжээр ордог байлаа. Тэдний ангийн хэдэн залуус орж ирэн элдэв хоёрыг ярилцаж, зуны амралтаараа "Гурван нуур"-ын амралтад амарсан тухайгаа хөөрөлдөж байтал гялалзсан алаг нүдтэй хүү бусдаас илүү хошин хөгжилтэй яриа дэлгэж байсан нь О.Дашбалбар байжээ. Тэд надтай нэлээд илэн далангүй ярилцаж, түүний дунд хөдөөнөөс ирсэн найз О.Дашбалбар санаачлагыг өөртөө авч амралтын сонин сайхнаас хальж сурган хүмүүжүүлэгчид рүү хандан, орчин үеийн багш нарын тухай нэлээд халуун яриа өрнүүлж, зарим багш нар хүүхдийг ойлгодоггүй, хүүхдийг хүүхэд л гэж боддог. Гэтэл тэд чинь хүн шүү дээ гэдэг талаас нь хандах хэрэгтэй гээд Сухомлинский, Крупская мөн өөрийн анхны багш Дашням болон багш Нямсүрэн, Тамжид, Батсүх, Довжид, Содномдаш нарынхаа тухай бахархан ярьж, багш хүн хүүхдийг дээд зэргээр ойлгож харьцах ёстой энэ тэр гэж бүтэн цагийн лекц уншаад амжилт хүсэж билээ. Надаас уран зохиол сонирхдог эсэх, цаашид суралцах эсэх талаар баахан шалгааж, уран зохиол бас бус зүйлийн талаар санал солилцож захидлаар харилцаж болох эсэх талаар тохиролцон тэр өдрийн уулзалт өндөрлөж билээ. Тохирсон ёсоор захидлаар харилцаж эхлэв...

   Тэр маш их сонирхолтой захидал бичдэг байж билээ. Харин надад жинхэнэ хайраа илчилсэн захидал 1974 оноос эхэлсэн юм. Харамсалтай нь тэр үеийн захидлыг хадгалдаггүй байж дээ. Бидний харилцаж байсан захидлаас Дашбалбарын номонд орсноос дурдвал:

   “Хайрт минь, баруун хойноос нүүх үүл бүхнийг ширтэн чинийхээ мэндийг асуух юм даа. Яагаад гэвэл Галидасын "Үүлэн зардас" үргэлж санаанд орох боллоо. “Түргэн харцат чамаасаа хагацан гансарсан миний сэтгэлийн аль л зовлонг хэлж барах вэ?”, "Тэгээд учран золгохын цагт хагацалд хүссэн бүх хүслээ намрын сарны гэрэлт шөнө бүрэн гүйцэд эдэлнэ", "Хагацахад сэтгэл хөндийрнэ гэж амьтны хэлэлцдэг тэр үг түмэн худал, хагацахад хайртай сэтгэлийн хүсэл хуран хурсаар улам ихэсдэг" гэсэн энэ бүхнийг бодон, чи минь эелдэг дотноор энэ үүлэнд хэлж явуулсан байх гэж бодон зогсохын ялдам, үүлэн чөлөөгөөр тусах нарны цацрагаар чамдаа хариу болгон энэ найраглалыг дахин уншихыг хүснэм. Чамайгаа маш их санаж байна".

   Романтик хонгорын минь бичсэн захидал ийнхүү элдэв бодлын эх болж, энэхэн ертөнцөд Галидас "Үүлэн зардас" бичиж байсан нэгэн агшин, тэр агшныг нь бид мэдрэн Галидасын амсгалыг сонсох шиг болном....

   “Хайрт минь чамтайгаа өнгөрүүлсэн өдөр хоногийн жаргалаа эргэцүүлэн бодож, үнэн ба зүүд хоёрын алин болохыг эргэлзэн сууна. Үнэхээр их жаргалтай байж дээ. Энэ хорвоогоос бидэнд тийм өдөр хоног заяагдсан л байна шүү дээ. Тэр ч ёстой л азын цэнхэр одны өдөр байсан байхаа! Уулын оройд, түүдэг галын дэргэд, ой модны сэрчигнээн, шувуудын жиргээ, ээ дээ мөн ч олон дурсамж. Дурсамж үгүй хорвоо гэж үгүй! Яасан их жаргал вэ”.

   “Намрын энэ өдөр би хүнийг хайрлахын жаргал, санан мөрөөсөхийн туйлд хүрч захидлыг нь дахин дахин уншихдаа түүнийгээ өөртөө нээж, намайг тэр хүн нээж байгааг мэдрэн, дээрх мөрүүдийг бичсэн бүсгүйн алаг сайхан нүдийг санагалзан суунам” гэх мэтээр надад захидал бичдэг байлаа.

   Нууцалсан нэрийн тухайд бол цаг үеийн ороо бусгаа байдлаас болж, мөн яруу найргийн хэмжээ хэмнэлийн үүднээс намайг олон янзаар нэрлэж байлаа. Муза, Хонгорзул, Хандаа, Оюунаа, Анимаа гэх зэргээр нэрлэж байв."

Н.Оюунханд. “Гэрэлт хайрын дурсамж” номын 170-171 дүгээр тал