images

Гавьяат жүжигчин цолоороо бахархсан хоёр тохиолдол


Монгол Улсын Ардын жүжигчин, найруулагч Д.Чимэд-Осортой хийсэн ярилцлагаас.

   ...Одоо ч одонгоос илүү алдар цол руу хүмүүс хошуурдаг болж дээ. Надад гавъяат цол өгөхөд энэ цол гэдгийн чинь учрыг би л хувьдаа сайн мэддэггүй байсан юм. Тэр үед одонгоос үнэтэй шагнал гэж үгүй юм шиг санагддаг байлаа. Одон тэмдэгт тэр гээд л. Ямар сайндаа 1945 онд УГЖ цол гардаж авч байхдаа би чамлангүй байхав дээ. Надаас бусад нь цөм энгэртээ одонтой. Би ганцаараа гартаа үнэмлэхтэй л хоцрох нь тэр. Тэр үед чинь одоогийнх шиг гавъяатын тэмдэг гэж байхгүй. Энгэртээ зүүж, хүнд үзүүлэх одон л илүү харж, хүмүүст гайхуулах гэсэн залуу насны зан юм даа. Гэтэл одоо чинь одонг ч амархан өгдөг, авдаг болж. Тэгээд ч одонгийн нэр хүнд буурч, төрийн одон хүртсэн зарим нь түүнээ чамладаг болж. Ингээд бүгд л нэг гавъяат, алдартан цол руу тэмүүлэх нь аргагүй. Харин би чинь саяхан хүртэл ганц ч одонгүй шахам байлаа. Урлагт 35 жил зүтгэж байж "Алтан гадас" одон хүртсэн. Төр, түмний хайр хишиг гэдэг багадах юм биш. Сайхан ч нэртэй одон юм шүү" гэлээ.

- "Яваандаа яах бол? Та юу гэж бодож байна?" гэвэл "Заа даа. Одон ч энгэр дүүрээд, цолтон ч олдоод ирэхээр аль аль нь хүндээ барж төрийн шагнал, түмний хүндэтгэл тэр бүрий биш болох цаг болно доо" гэх нь тэр. "Аль, алиныг нь өгөх авахаа байчихвал ямар вэ?" гэхэд "Бололгүй яахав. Аргагүй хийсэн гавъяа, бүтээсэн юмтай нь зөв тодорсон нэгэнд цагт нь хүртээсэн одон, цол нэг хэсэгтээ урам зориг, ухаан санаа хайрлаж, урагшаа тэмүүлэх зүтгэл, ирээдүйн ажил үйлсэд тустай л даа. Гэхдээ ер нь гавъяа шагнал гэдгийг ард түмэн эчнээ олгодог юм шүү дээ. Ардаасаа авсан нэр хүнд, амнаас нь сонссон сайшаал талархал, хүндлэлээс илүү шагнал ч гэж үгүй шүү дээ" гэснээ "Коммунизм гэдэгт чинь төр устана гэж биднийг Бо (Большевик-Ч.Б) намын түүх судалж байхад заадагсан. Тэгвэл төрийн шагнал ч гэж мэдээж байхгүй болох нээ дээ ер, аан?" гээд зальтайхан харж, доогтойхон жуумалзаж байна.

- "Танд гавъяат цолоороо бахархах тохиолдол олон байсан уу?" гэвэл "Хоёрхон тохиолдол санаанд үлдэж дээ. Манайд Зөвлөлтийн армийн Александровын алдарт чуулгынхан айлчилсан юм. Тэдэнд үйлчлэх хүмүүсийн дотор намайг оруулчиж. Хүмүүст үйлчилнэ гэхээр ойлгохгүй, ямар ч гэсэн туслах л чанарын ажил байх юм байна гэж бодоод ачаа барааг нь зөөх зэрэгт нь гүйгээд байлаа. Тэр дагалдах үйлчлэх хүмүүс нь олон ч хүн байсан. Дарга нараас ч байсан, урлагийнхан, жүжигчдээс ч байсан. Дор бүрдээ л үүрэгтэй байсан байх. Харин миний ачаа зөөх ажилд хамжилцах хүн ховор. Би ч ганцаараа шахам зүтгээд л байдаг. За даа, тэгээд наддаа тэр нь амар байж. Залуу ч байсан. Хэл ус мэдэх биш. "Оросуудын тэрийг ингэ, энийг тэг" гэсэн нөгөө олон монгол үйлчлэгчдийн хэлснийг хийгээд илүү юманд санаа зовохгүй амар. Нэг ёсондоо гүрүүшиг болов. Оросууд намайг "Эй Саша, давай" гэж дуудна. Тэгэхээр нь би ч гүйгээд. Золигнууд чинь яагаад тэгж нэрлэсэн юм бол. Миний нэр ч тэдний цээжинд тогтохгүй, хэл орооцолдуулдаг байсан биз. Ингэж явсаар Зүүнбаянд очиж тоглолт хийлээ. Тоглолтын дараа аймгийн томчуул хүлээн авалт хийсэн. Орос, монголгүй бүгд уригдаж оров. Ихээ идээ будаатай нүсэр том дайллага болсон. Дагалдсан монголчууд бүгд л ширээний дундаас дээгүүр залраад. Би ч яахав, хар ажлын амьтан ширээний хамгийн доод үзүүрт л суулаа. Оросын чуулгын мужаан, гэрлийн техникч зэрэг хэдтэйгээ тэнд нийлсэн. Бас ч аргагүй шүү дээ, бид хэд чинь ойр явсан юм. Дайллага ч эхэлж хундага өргөж гарлаа. Мэдээж Сталин, Чойбалсангаас авахуулаад СССР, Монголын ган бат найрамдлын төлөө гээд л тоймгүй олон хундага өргөсөн. Тэгтэл аймгийн дарга босоод "Энэ хундагыг би Зөвлөлтийн чуулгатай манай аймагт анх удаа хүрэлцэн ирсэн Улсын гавъяат жүжигчин нөхөр Чимэд-Осорын төлөө өргөе" гэх нь тэр шүү. Халчихсан хүмүүс "Тэгье, зүйтэй" л боллоо. Оросууд ч шуугилдаад явчихлаа. Бодвол "Тэр алдартан, гавьяатан чинь алив, хаана байна?" л гээ биз. Манайхан ч бүгд над руу хараад. Аймгийн дарга босоод зогссон байдаг. Би ч аргагүй хундагатайгаа барьж босоод мэхийлээ дээ. Тэгсэн чинь оросууд "Наш Саша" гээд л нүд нь орой дээрээ гарч, бие биендээ элдэв юм хэлж шаагиад явчив. За тэгээд, бүгд л миний төлөө хундага өргөлөө. Тэндээс ч наашаа, эндээс ч дээшээ гээд. Би "Зүгээр, зүгээр" гээд л. Дараа нь ширээний үзүүрт хээ шаагүй зэрэгцэж байсан хэд маань дөлөөд явчих шиг. Дайллага өндөрлөх үед оросууд нэг нэгээрээ босч надтай хундага тулгаад. Би тулгаад л, хөнтрөөд л. Энэ ч яахав. Тэгээд л өнгөрсөн. Харин маргааш нь Улаанбаатар буцах үед нөгөө "Саша, давай" байдаггүй шүү. Миний бараанаар залуучууд нь босоод өөрсдөө юм хумаа зөөчихнө. Би ч нэг л өдрийн дотор үнэ хүндтэй хүн болчив оо. Хүнээр хүндлүүлэх юу нь ч муухай байхав. Гэхдээ би дотроо "Үхрийн сүүлэн дээр хутга гэж. Үйлчилгээ муу хийж үүрэг биелүүлээгүй гэж донго хүртэх юм биш байгаа" гэж айгаад.

  Олон газар явж тоглосон тэр алдарт чуулгынхан намайг биш, төрийн цолыг, тухайлбал тэр цолыг хүрттэл жүжигчний асгаруулсан хөлсний үнэ цэнийг мэддэгтээ ийнхүү хүндэлж байгааг ойлгож байсан. Тэгэхэд би дөч хүрээгүй байсан. Буцах замд чуулгын хэд намайг дайллаа. Тэдэн дунд байсан ахимаг нэгэн хөгжимчин "Та энэ цолыг хэдтэй хүртсэн бэ?" гэхэд нь "Гучин гуравтайдаа" гэлээ. Нөгөөдөх маань толгой сэгсэрч байснаа баахан юм үглэж дараа нь хөөрхий согтоо юм болов уу жаал уйллаа. Тэгснээ "Миний хөгжмийн яаманд 30 жил суугаад аваагүй цолыг энэ хүн 33 настай авчээ. Азтай хүн юм, авъяастай ч жүжигчин юм. Алдар цолоо хүртээж ч чаддаг ардын засаг юм байна" гэсэн нь надад ихийг бодогдуулж билээ.

   Хожим 1960-аад онд Дарханд явж байгаад зочид буудалд Дандар баатартай тааралдсан. Баатар өрөөндөө уриад, хоёул ганц юм задалсан шиг сууж байтал цэргийн хэдэн дарга ороод ирлээ. Тэгсэн Дандар маань цэргийн анги дээр уулзалттай байж. Цаг нь болоод баатрыг авах гэж ирж л дээ. Харин Дандар маань шилэнд үлдсэнээ хуваан хийж хөнтрөөд "За, хоёулаа хамт явъя" гэж байна. "Тантай хийх уулзалтанд би очоод яахав. Буудалдаа хүлээж байя" гэсэн чинь "Дэмий донгос" гээд шууд сугадаад авлаа. Ингээд л тэр уулзалтанд нь очив оо. Уулзалт ямар болдог билээ дээ. Нэг л маягийн юм чинь. Намайг Дандартай хамт тайзан дээр суулгасан. Өмнөөс хараад дандаа л цэргийн хүүхдүүд. Баатартай уулзахыг бүгд мэдсэн, тэгээд ч таних юм чинь. Дарга нар нь танилцуулж байна гэж сүртэй юм болсонгүй. Уулзалт нээтэл Дандар юм уусан шинжгүй тэп тэп хийтэл алхалсаар индэр дээр очоод "Би цэргийн хүн. Та бүгдтэй ижил цэрэг явсан. Одоо ялгаа нь гэвэл мөрөн дээр хэдэн таван хошуу нэмэгдсэн. Энгэрт хэдэн одон байна, түүн дунд байгаа энэ таван хошууг" гээд баатрын тэмдгээ зааж "Дарийн утаа үнэртсэн, дайн гээчийг туулсан олон цэрэг үүнийг зүүгээгүй юм. Тэднээс би илүү дээ биш, хэдэн дайсан илүү нударсандаа авч. Харин та бүхний өмнө сууж буй энэ хүн" гээд намайг зааж "Миний хорь, гучин хүн хороож хүртсэн цусны хариу шагналын учрыг надаас битгий асуу. Хорь, гучин жил асгаруулсан хөлснийх нь үнэ цэнийг энэ жүжигчнээс асуу" гэж билээ. Бурхан минь, би ч цочив. Хажууд сууж байсан дарга нар ч над руу эргээд, өмнөөс цэргүүд ч өндөлзөөд. Иш, Дандар баатрын гавъяаны дэргэд миний хийсэн зүйл гэж юу байхав дээ. Баатар хүн гэдэг хэзээ ч баатар байдаг юм билээ. Дандар баатар ухаантай, уужим сэтгэлтэй хүн. Өрөөлийг үнэлэхдээ өөрийгөө ч үгүйсгэж чадна гэдэг их зориг шүү. Одоо ч өөрийгөө үнэлэхийн тулд өрөөлийг үгүйсгэдэг болж дээ. Цаг үеэ гэж" гээд гашуунаар мушилзаж суусансан…

Чимэд-Осорын Болд. Дэндэвийн ЧИМЭД-ОСОР”. Бүтээлийн чуулган. II боть.