images

"Чингис хаан"


     Эзэн Чингис хааны тухай дуу энэ дэлхий даяар янз бүрийн агуулгаар дуулагдаж ирсэн байдаг. 1979 онд Германы “Dschingis Khan“ хамтлаг "Чингис хаан" хэмээх нэртэй дуу зохиож дуулсан нь анхдагч болов уу. Дууны агуулга нь их хааныг магтан мандуулахаас гадна басчиг хэтрүүлсэн, заримдаа доромж маягийн утга ч гарна. "Газар дэлхийг бөмбөрдөн давхих талын морьтон баатруудын морин төвөргөөн дэлхий ертөнцийг айдас түгшүүрт автуулна. Тэднийг аянга цахилгаан ч зогсоож үл дийлнэ. Чингис хаан. Тэр архийг хул хулаар хөнтөрч таашаасан хүүхнээ дуртай цагтаа эдэлнэ. Нэг шөнийн дотор долоон хүүхэд хийж чадна" гэх мэтээр дуулжээ.

     Харин үүний дараахан буюу 1979 оны 8 дугаар сард Өмнөд Солонгосын нэрт дуучин Жу Гён Сү эзэн Чингис хааныг магтан дуулсан сайхан дуу зохиож дуулсан нь удалгүй Солонгос даяар олны талархал хүлээж хит дуу болжээ. Харин ая нь Германы хамтлагийн аяыг тэр чигээр нь авч ашиглаж. Гэтэл энэ сайхан дууг төр засгаас нь хориглож орхижээ. Хориглосны учир нь Чингис хаан бол манай солонгос үндэстнийг эзлэн түрэмгийлж дарлан зовоож байсан түрэмгийлэгч юм. Түүнээс гадна Чингисийн үр сад болох өнөөгийн монголчууд эргэлт буцалтгүй коммунист орон болсон. Бид ийм зүйлийг магтан дуулах нь байж боломгүй зүйл хэмээн үзсэнийх байв. Ийн хориотой явсаар 1990-ээд онд чөлөөтэй болж, дахин дуулагдаж эхэлсэн бөгөөд одоо бол караокений солонгос дууны жагсаалтан дотор 3818 дугаартай, яг анх зохиогдсон үг аяараа байж байдаг. Солонгос дуучны зохиосон эзэн хааны тухай дууны үг нь тэр чигтээ магтуу гэмээр. "Улс үндэстнийхээ төлөө амь биеэ зориулсан гайхамшигт нэгэн эрийн тухай сайхан түүх. Зүдэрсэн нэгнийг тэтгэн ивээнэ. Гуниж гудайсан нэгэнд сэтгэлийн их эр зориг хайрлана. Аймхай хулчгар өчүүхэн надад агуу их зориг зүрх хайрласан сэтгэл зүрхний минь агуу баатар, чин зоригт чин зоригт Чингис хаан" гэх мэтээр магтан дуулжээ. Үүний дараахан мөн Солонгосын алдарт дуучин Нами хэмээх бүсгүй мөн энэ дууны үгийг нь бага зэрэг өөрчлөн дуулсан бөгөөд мөн л “Хэнхдэг цээжиндээ од тэвэрч төрсөн хэвлүүхэн тэр хүү бол бид бүхний хайртай баатар Чингис хаан юм. Худал хуурмагийг үл таашаан үнэн шударгууг дээдэлсэн жинхэнэ миний анд Чингис хаан” гэх мэтээр магтан дуулжээ. Үүнээс гадна энэ дууны ая Солонгосын цахилгаан холбоо, брэнд хувцас, хоол унд, цаашлаад бидний сайн мэдэх агаарын тээврийн  "Кореан эйр" компанийн реклам сурталчилгаанд хүртэл гарсан юм.

     Их эзэн хааны  тухай дуу үүгээр зогссонгүй. 1979 онд Хонконгийн алдарт дуучин Жорж Лэм гэгч яг төрөлх кантон аялгаараа дуулжээ. Дууны үгийн хувьд эрлэг үхэл, тэнгэр бурханаас ч үл эмээх догшин ширүүн, агуу баатар гэсэн санаа агуулжээ. 

    Чингис хааны тухай герман хамтлагийн зохиосон дуу яг энэ аяараа арлын Японд хүртэл тархжээ. 2008 онд Японы “Berryz kobo” хэмээх охидын хамтлаг уг дууг герман хамтлагийн ая хэмнэлээр нь, гэхдээ үгийг нь өөрчилж дуулжээ. “Ухрах няцахыг үл мэдэн зөвхөн урагш давшиж, зөвхөн ялалтын цуу алдраа цуурайтуулсан Чингис хаан Чингис хаан” гэх мэтээр дуулсан бий.  

     Энэ дуу явсаар манай Монголд хүртэл тархсан нь сүүлийн үед Драмын театрын дөрвөн залуугийн дуулаад байгаа "Чингис хаан" дуу юм. Аялгуу нь герман хамтлагийн зохиосон яг тэр аяараа яваа нь тэр. Ийнхүү герман хүний зохиосон эзэн хааны маань тухай дуу анхлан Европ даяар танил болж, улмаар яг тэр ая хэмнэлээрээ бараг дэлхийг тойрчээ.