images

Магнаг цэнхэр дэлхий түүнийх


Төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын дурсамж

   “Би их олон хүний тухай дурсамж бичих юмсан гэж бодох. Ажил, амьдрал, нас хэмнэлээ зөв зохицуулж чадахгүйгээс болоод бодсон санаснаа тэр бүр бүтээчихэж чадахгүй бүдэчсээр яваад цаг хугацаа урсчих. Аливаа юмс цаг хугацаатай гэдгийг хар багаас сонссоор өдий хүрсэн ч гагцхүү түүний л нударган дор эдлэгдсээр элэгдсээр. Он удаан жилийн их анд гэж хэлэхгүй ч бага залуугаас танилцаж насан өөд болохын өмнөхөн хүсэж байсан бүтээлийг нь хамтран хийлцэж байсан зохиолч Д.Маам гуайн тухайд дурсах ёстой хүний нэг би мөн.

   Д.Маам гуай миний хувьд үлгэрлэж дуурайж явсан хүний нэг байсан гэж дандаа бодох. Одоо тэртээ болж дээ, 1967 онд Улаанбаатар хотод анх удаа ирж Багшийн сургуулийн хөгжмийн ангид элсэн суралцах тэр азтай жил Д.Маам гуайтай нэг хашаанд амьдрах болсон юм. Манай нутгийн Дулмаа гэж авгай Гадаад яаманд цэвэрлэгчийн ажилтай. Түүний нөхөр Шижээ Сайд нарын 10 дугаар дэлгүүр гэгчид махны тасгийн худалдагч. Тэднийд аав минь намайг суулгасан хэрэг. Тэр үеийн Гадаад яамны тохилог орон сууцгүй ажилтнуудын хашаа Сэлбийн гүүрийн урд оюутнуудын байрны зүүн урд, 21 дүгээр сургуулийн чанх ард байх. Тэр хашаанд Шижээ гуайн зүүн хойт талд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль дүүргээд Гадаад яаманд дипломат ажилтан болсон Д.Маам гуайн гэр байх. Хөдөөгийн бөглүү сумын сургууль төгсөөд хотод ирсэн бакалан гутал, хилэн шарваар, цэнхэр даалимбан тэрлэгтэй 18 настай миний хувьд хар костюм, цагаан цамц, улаан хүрэн зангиа, гялалзсан хар шаахайтай 32 настай дипломатич Д.Маам гуай тэнгэрийн хүн! Гэхдээ айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг. Тэр намар Д.Маам гуайн шалаа тавьж гэрээ барихад би туслаж ёстой л “мэргэжилтэн” болохоо харууллаа. Тэр үеийн яамныхан намрын ажилд бүгд явцгаадаг журамтай болохоор Төр Хурахын тийш Гадаад яамныхан өвс хадах, бухалдах ажлаар явж миний бие Дулмаа гуайн оронд тэдэнтэй хэд хоног яваад сургуульд байхдаа намар болгон өвс хадланд явж байсны хэрэг юу билээ бас л “мэргэжилтэн” болохоо харуулав. Ингээд Д.Маам гуай надад их сайн болсон. Тэгээд зохиолч хүн юм болохоороо миний баян хуур дарахыг ихэд сонирхоно. Би ч тэр үеийн тийм муу баян хуурч байгаагүй. “Манжуурын толгод”, “Хайрын дуу” гээд вальсууд, Моцартын “Рондо” хүртэл муугүй дарчихна. Ингэж хоёр жил тэр эрхэмийг харж, костюм өмсөж сурч, гутлаа гялалзтал тосолж, цэмцгэр байхын амьд үлгэр авсан юмдаг. Жорлонд бие засаад тэндээ тэлээгээ чангалж гарч ирдэгийг ч сурсан. Энэ бүхэн бага юм биш, их том юм.

   1969 онд Шижээ гуайнх 100 айл руу нүүсэн. Д.Маам гуайнх хаачсаныг мэдэхгүй. Алжир малжирт явсан гэдэг билүү. 1973 онд тааралдаж надад аав, нутгийн тухай нэг том шүлэг өгсөн. Киевийн хөгжмийн их сургуульд байхдаа тэр шүлгээр романс бичих гээд өөдтэй юм болоогүй. Надад тэр үедээ томдсоных л доо мэдээж. Би нэг муу оюутан. Д.Маам гуай тэгэхэд “Газар шороо” мэт агуу зүйлсээ туурвиж явсан үе биз. 80-аад онд түүнтэй ер таараагүй. 1990 онд бужигнаатай тэр үед тэрбээр Зохиолчдын хорооны дарга болсон. Би хөгжмийн зохиолчдын хорооны даргын сонгуульт ажлаа Билэгжаргалд өгсөн. Энэ үеэс л ойртсон доо, бид дахиад. Тэр Бага Хурлын гишүүн болсон. Би Бага Хурлын Хууль зүйн байнгын хороонд Үндсэн хуулийн төрийн дуулал, сүлд бэлгэ тэмдгийн чиглэлээр ажлын хэсэгт орж ажилласан. Бидний “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны зохиолчоор орж ажилласан тэр эрхмийг зохиолч, дипломатич гэдгийг нь бүгд мэдэх юм чинь. Харин би Д.Маам гуайг улс төрийн философич гэдгээр нь илүү харж биширч явж дээ.

   Түүний монголын тусгаар тогтнол, газар шорооны бүрэн бүтэн байдал, соёлын уламжлал, нүүдэлчний ахуй амьдралын хувь заяаны талаар ярьж бичиж, санаа сэдэл гаргаж байсан нь бүтэн үеийнхэнд хэрэг болоод үеийн үед улбаалан үлдэнэ л дээ. Түүний гүн философич сэтгэлгээний нэг илрэл нь “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны зохиол. Зарим хүмүүс энэ киног үзээд дэндүү дүнсгэр Чингис хаан, дэндүү зөөлөн Чингис хаан гээд байдаг. Аргагүй шүү дээ. Зохиол нь Чингис хаан гадаад төрхийг үзүүлэхдээ биш сэтгэлийн шуурганд дотоод үзэл санааны тулгуурт нэвтрэхийг хичээсэн юм чинь.

   Д.Маам гуай том соён гэгээрүүлэгч хүний хувьд бидний хэдэн хөгжмийн зохиолчдыг хэвлэлээр тэнгэрт тултал магтдаг нэгэн байсан нь бидэнд ч манай хөгжимд ч хэрэг болсон. Бид хэд түүний том үгийг дааж явахыг хичээцгээдэг сэн. Хөөрхий минь бие нь муу байхдаа “Магнаг цэнхэр дэлхий” шүлгээ гараар бичиж надад явуулж дуу хийхийг, хийгээд Долгороор дуулуулахыг хүссэн. Чадах чинээгээр оролдож дуу хийгээд өөрөө хөгжимдөж аялан магнитфоны хальсанд бичээд гэрт нь хүргүүлж сонсгоод түүнийхээ магнайг нэг ч болов удаа тэнийлгэсэндээ бас сэтгэл өег явдаг. Тэр минь өөд болсон ч Дунгаамаа гэж нэг сайн хүүхэн Д.Маам гуайтай ойр дотно явсан бидэнд юу байдгаа зориулж хайр халамж гаргаж явдаг нь сайхан ханиа гүйцээн хайрлаж яваагийн нь илэрхийлэл байх. Сайн хань үлдээх ч бас сайхан юм аа. Д.Маам гуай “Магнаг цэнхэр дэлхий минийх ээ” гэж сүүлчийн удаа том хашгирахдаа монгол хүн бүрт заяасан эх орон эх дэлхийгээ дээдлэн бишрэхийн захиасаа хэлсэн. Тийм ээ! Магнаг цэнхэр дэлхий түүнийх. Тэр бидэнд сайн захисан юм шүү."