images

Богдын заавраар Хүрхрээгийн хийдийг байгуулав


Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд 1917 онд төрж, тус аймгийн Чандмань сумын Хүрхрээгийн хийдэд таван настай байхаасаа шавилан сууж асан Я.Гунгаадорж гуай 2007 онд хийдийнхээ тухай ийн хуучилжээ.

     Миний нагац нар Чандмань сумын Хүрхрээ гэдэг хийдийнх. Тэд намайг таван настай байхад авч явж хийдэд суулгасан. Тэгээд 23 нас хүртлээ би тэнд суусан юм. Хийдийн төвд нэр нь Дашчойнхорлин. Харин монголоор Хүрхрээгийн хийд гэдэг. Усныхаа нэрээр нэрлэгдсэн юм. Хийд Хүрхрээ голынхоо тэнд сумын төвөөсөө 40 орчим километр зайтай. Тэр газар нь Засагт хан аймгийн тариалангийн талбай. Тэрийг түшиглэж байгуулагдсан газар. Бигэр тэр хоёр бол Засагт ханы бүр л тариалангийн газар юм. Хийд нь Хонзого ноёны хошуу. Манай хийд намайг сууж байхад хорь гучин жилийн түүхтэй байсан байх. Уул нь энэ Богдын хүрээний Шүтээн аймгийн унзад Дондог гэдэг их дуутай лам байсан юм. Тэр хүн Богдод Батцагаан дуганд даншиг өргөхөд Шүтээн аймгийн унзад байж гарч, дөрвөн их унзадыг дуугаараа дарсан тийм их дуутай. Тэгэхэд Богд Дондог унзадыг дуудаж аваачаад Хүрхрээг зааж, түүнээс өгсөөд хийд байгуул гэж л дээ. Тэгээд эндээс бадар барьж яваад Ламын гэгээнийд очиж. Ламын гэгээний дүүгийнх хүүхэд нь тогтдоггүй айл байжээ. Гэтэл авгай нь юу юугүй төрөх болсон үед нь очиж таарсан байна. Очиход нь "Манай дүү жилийн нэг хүүхэд гаргаж үхүүлж байх юм. Чи Богдын хүрээний лам юм бол тэрийг тогтоох арга байна уу" гэсэн гэдэг. Тэгэхэд нь “Болох байлгүй дээ гээд Гомбо сахиус л уншсан юм гэнэ лээ. Тэр хүүхдийг нь тогтоож өгсөнд, тэднийх нэг дээлийн хуй торго, тавин лан ембүү барьж гэнэ. Ингээд Ламын гэгээний дүү багшийг ахындаа хүргээд иржээ. Тэгэхэд нь “За чи юу өгөв” гээд “Хэдэн гунжин тэмээний хөлдөөд үхчихдэг ботго л байгаа биз. Чи энэ хийд байгуулах гэж байгаа хүнд 100 ачааны ат өг гэсэнд хэлснээр нь өгсөн юм билээ. Тэгээд орон майхан төхөөрүүлж нутагт нь хүргүүлжээ. Ингэж л Хүрхрээгийн хийд бүтсэн түүхтэй юм гэнэ лээ.

Эх сурвалж: Монголын сүм хийдийн түүхэн товчоон