images

Дүд гаргасан нь


     Дээр үед Ламын гэгээний шавийн нэг хүн нэлээд ядарчихсан явж байжээ. Турж эцээд, ядарч өлсөөд явж байж. Тэгж яваад нэг томоохон ноёныд орсон чинь дөрвөн лам даллага аваад сууж байна гэнэ. Тэнд бадарчинг тоож байгаа хүн гэж алга гэнэ. Гэрийн эзэд нөгөө дөрвөн ламдаа сөгдөж мөргөөд, бадарчинд цай ч хийж өгөхгүй байна гэнэ.

     Дөрвөн лам номоо нэлээд уншиж байснаа нэг дуд гаргахаар болж байгаа бололтой байна гэнэ. Нэг ламдаа дүдээ бариулаад, номоо уншиж байж. Тэр лам нь тэр дүдийг гаргаж хаях байсан бололтой. Тэгэхээр нь бадарчин хэлжээ:Та нар чинь дүдээ хүнээр бариулж гаргадаг юмсан уу? Манай нутагт бол дүд нь өөрөө гараад явдаг юм гэсэнд За танай нутагт тийм байдаг юм бол чи энэ дүдийг өөрөө гартал нь уншаад орхи! гэжээ. Өлсөж ядарсандаа ам гарчихсан хүн чинь гэгээнтнийхээ “Шавдан солдив”-ыг уншаад “Гэгээн багш минь!” гээд залбирч мөргөөд гарчээ. Тэгсэн дүд нь хөөрч ирснээ эргэлдээд гараад явчихлаа гэнэ. Өнөө дөрвөн лам ч мөргөж сөгдөөд, бадарчинд шавь ороод, ингээд л хүндлүүлээд сүйд болжээ. Ноён ч мань бадарчинг гэртээ байлгах гээд баахан юм болж гэнэ. Ингэж мань бадарчин тухайн хошуунд лут алдартай болсон гэдэг.

     Тэгж байгаад Баянзүрхийнхээ хонхорт ирсэн юм байна. Хийдийнхээ хаалгаар ороод ирсэн чинь хоёр лам тосож ирээд Чамайг гэгээн хүрээд ир гэж байна гээд гэгээнтэнд бараалхууллаа гэнэ. Тэгсэн гэгээнтэн хэлж байна гэнэ: “Чи очиж очиж надаар дүд гаргуулаад байхдаа яадаг юм?” гэж алгадаж байсан гэдэг.