images

Ханчин


Өнөө Ханчин гэж нэртэй хүн монголчуудын дунд байхгүй ч ийм нэртэй улс Говь-Алтай аймагт байсан тухай, уг нэрийн утга учрыг яаж тайлсан тухайгаа МҮОНР-ийн сэтгүүлч Л.Мөнхтөр Фэйсбүүк хуудсандаа бичсэнийг хүргэж байна.

   Манай нутагт намайг хүүхэд ахуйд Ханчин гэдэг нэртэй хоёр хүн байлаа. Тэдний нэг нь малын эмч Ханчинхүү гуай. Тэрбээр хөдөөгийн баг, бригадаар явж ажлаа хийдэг, миний үеийн ганц охинтой хүн байлаа. Тэр цагт Ханчинхүү гуай хөвөнтэй хүрэм өмсдөгөөрөө их ялгардагсан. Нутгийнхан түүнийг “Хааяа” гэж авгайлна. Бас улаан “Ява” мотоциклтой байв. Харин нөгөө Ханчин нь давжаа биетэй, няхуур нямбай, тооцооны нягтлан байлаа. Сүрхий урт хагалбар халимган доороосоо онигор нүдээрээ цоо ширтсэн хүн байсансан. Тэдний энэ нэрийн учрыг хөөвөл, Төвөдийн нутагт байдаг газрын нэр Монголд орж ирээд монголжсон байна. Чухам бараа таваараа дагаж энэ нэр манайд нутагшсан байх. Зарим нутагт ханчин гутал гэлцдэг. Төвөд гутлыг ингэж нэрлэдэг. Мөн ханчин булигаар гэх үг бий. Энэ мэтээр үйлдвэрлэсэн газрынхаа нэрээр алдаршсан бүтээгдэхүүн зөндөө шүү дээ. Тэнзэн ташуур, нанжин гахай гөлөм, чамин бараа гэх мэт. Мөн Ханчин гэдэг нэрийг Буддын шашинд Их ширээт лам, Их да ламыг нэрлэхэд хэрэглэдэг байна. Үүнийг цааш нь жаахан төнхвөл, Эзэн Чингис хааны өлгий Хан Хэнтий нутгаас төрсөн цөөхөн хутагт хувилгаадын нэг, Өмнөдэлгэрээр нутагтай нэгэн 2007 онд Лувсанчойдаг хувилгаанаар тодорч олноо Жонан Ханчэн хэмээн алдаршжээ. Ханчин гэдэг нь чухамдаа газрын нэр ч, шарын шашны мяндаг цолны нэр ч байжээ. Манай нутгийн хоёр Ханчин болвоос өндөр дээд утгатай нэртэй байж гэдгийг би ийн хожим ухаарч сууна.