images

Чонын хэл


Ерөнхий сайд асан Санжийн Баярын дурсамжаас

   “1984 оны сүүлээр сэтгүүлч Авирмэд бид хоёр Увс аймаг руу томилолтоор явах боллоо. Авираа Монголын радиогийн гадаад нэвтрүүлгийн ерөнхий редакцынхаа, би харин МОНЦАМЭ-гээс орос, англи хэлээр эрхлэн гаргадаг “Монголия” сэтгүүлийн томилолт тус тус авлаа. Томилолтоор явахаасаа өмнө тодорхой чиглэлээ сонгох гэж Авираа бид хоёр маргалаа. Өнгөт сэтгүүлийн томилолттой тул би фото зураг дарахаа бодон аль болох уул устай, мод хадтай газар сонгох гэнэ. Радиогийн ярилцлага авах үүрэгтэй Авираа болохоор хүн олонтой, түүх нь онцлогтой арай өөр газар нэрлэх жишээтэй. Эцэст нь тохиролцож, долоохон хоногт багтаан Улаангом-Сагил-Давст-Тэс-Малчин-Улаангом гэх богино тойргоор Увс нуурыг нар зөв эргэхээр болов. Улаангомд буухад биднийг шинэхэн УАЗ-469-ийн түлхүүр хуруундаа эргүүлсэн залуухан жолооч тослоо. Нэр нь Нарангэрэл. Хөнгөн жингийн бөх шиг сүр сархийсэн хөдөлгөөнтэй, хулгар чихтэй жижигхэн бор залуу. Буунгуут бид хоёр аймгийн захиргаа, намын хороо гэх газраар нь ном журмын дагуу орж ажлаа танилцуулан томилолтоо нээлгэж, буудалд ороод, түлш, хүнсээ базаав. Гэтэл би гэнэт 39 хүртэл халуурчихлаа. Хэд хоног тороод байсан хоолой бүр үрэвсээд, идэж уух байгугай шүлсээ залгих, хэлээ хөдөлгөх ч хэцүү болов. Авч гарсан эм нэмэр болсонгүй. Өглөө босоход хоолой бүр таг. Буудалд хэвтээд байлтай биш замд гарлаа. Эхний өдөр Сагил сумаар дөнгөж дайраад Цагаан шувуут гэх уулын энгэрт өвөлжих нэгэн айлд очлоо. Маргааш нь Давст сумын буудлын орон дээр 40 хүртэл халуурч өнжив. Босох байтугай хөдлөх ч тэнхээ алга. Хөдөө багийн ганц нэг айлаар орно гэж байсан маань ч өнгөрлөө. Авираа сумын эмч дуудаж үзүүлтэл цагийн тариа, дусал хийлгэх хэрэгтэй гэж байна. Шахуу томилолтоор яваа улсад юун цагийн тариа байх билээ. Үдэш нь Авираа Давст сум, нэгдлийн даргыг дагуулаад ороод ирэв. Нэр нь Магалжав байсан санагдана. Сумын дарга халуу шатсан хоолойг минь барьж үзсэнээ надад “Чонын хэлээр л хоолойг чинь эмчлэхсэн гээд байна, энэ нөхөр чинь. Хэлийг нь сугалчих бэлэн чоно гадаанаа уядаг улс гэж биднийг бодсон юм байлгүй. Яахав, өглөө хамт хөдөлье. Ганц нэг боодол маарал эмчээс аваарай” гэлээ. Өглөө эрт хөдөлж сумын даргын тэргийг дагаад давхилаа. Явсаар байтал гэгээ оров. Нэг дэнж тойроод эргэтэл замын хажууханд даргын машин зогсож байна. Дөхөөд очтол нэг жижгэвтэр чоно унагаачихсан, дарга хутга барьчихсан явган сууж байна. Намайг гараад ир гэж дохиж байна. Дөхөөд очтол “Алив май, чонын хэл. Зүссэн талаар нь дэлгэж хүзүүндээ нааж маарлаар ороо. Зузаахан орооно шүү. Элдэв эм уух хэрэггүй. Харин зуу татсан байхад илүүдэхгүй” гэж байна. Авираа тэр өгсөн бүлээн нойтон махыг хүзүүнд минь нааж байгаад маарлаар битүү ороолоо. Тэгснээ аяныхаа богцноос нэг шил юм гаргаж задлаад аяганд хийж тойруулав. Магалжав дарга “Маргааш л боолтоо аваарай. Жаахан эвгүй үнэртэх байх. Гэхдээ тэснэ биз залуу минь. Гам алдахгүй бол хоолой чинь дахин өвдөхгүй. Дахин ирээрэй, залуучууд аа” гэснээр бидний зам саллаа. Би машины урд суудалд Авираагийн үстэй дээл нөмрөөд тухлав. Дотроос халуу оргиод л, боолтны цаана чимчигнээд л.

   Замын нугачаанд зайлагдан нойрмоглох зуур хүзүү ороосон боолтны цаана атга шоргоолж оруулчихсан мэт эрвэгнэж загатнаад л, халуу оргиод л байлаа. Өмхийрч буй нойтон махны эхүүн үнэр үе үе ханхийнэ. Тэгэхдээ битүү боолтны цаана нэг л зөв зүйтэй урвал өрнөөд байх шиг санагдана. Санаа дагаад бие ч хөнгөрөх шиг. Тэр өдөртөө халуурсангүй. Хоолой хөндүүрлэх нь ч гайгүй болсон байлаа. Маргааш өглөө нь Тэс сумын буудалд боолтоо тайлтал дэлгэж зүссэн чонын ягаан хэл памбайн хөөж, хар ногоон өнгөтэй, нялцайсан өмхий жийрэг болсон байв. Хүзүү сээрээ сайтар савандаж угаалаа. Авираа маань ч гадна дотноос нь спиртээр сайн ариутгаад өгөв. Тэрнээс хойш миний хоолой өвдөж байсангүй”.

С.Баяр. “Жаран хоног, “Жаран”-ы бутархай” ном. 2019 он. 183-187 дугаар тал.