images

Орон орны шорон дамжиж, үзэшгүй бэрхийг үзэж туулсан минь


   Жалхаа овогтой Хуяг нь 1924 онд Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн. 1944 оноос Зөвлөлтийн цэргийн 17 дугаар армийн тагнуулын хэлтсийн шугамаар Манжуурын нутагт үүрэг гүйцэтгэж явсан. Японы цэргийг бут цохисны дараа 1945 оны 9 дүгээр сард Тундс хотод Зөвлөлтийн цэргийн төлөөлөгчдөд баривчлагдан ЗХУ-д хүргэгдэж, Японы тагнуулын байгууллагад элссэн хэргээр ЗХУ-ын ДЯЯ-ны дэргэдэх Онцгой комисоос 25 жил хоригдох ялаар шийтгүүлжээ.

   Тэрбээр 16 настайд ээж нь, 19 настайд аав нь өөд болж дөрвөн дүүтэйгээ үлдсэн байна. Жин тээж, модонд явж, зээр агнаж, хонь хариулж, өнчин хэдэн дүү нараа тэжээж явахдаа 1944 оны зун нэгэн өдөр хонь хариулж явтал пажигнасан муу “Полу” тэрэг утаа хаялан хүрч ирээд кабинаас нь орос дарга, буриад орчуулагч хоёр бууж ирээд буу тулган ачиж аваачаад хилийн отрядын хашаанд байсан гэрт хийгээд үүдэнд нь буутай цэрэг зогсоожээ. Энэ тухай Хуяг гуай хуучилсан нь:

   “Тусдаа хашаатай том, жижиг хоёр гэр байсан. Томд нь нэг орос сургагч эхнэртэйгээ, багад нь би хоригдсон байлаа. Сар шахам болсны дараа нэг өдөр манай нутгийн Цэрэндорж гэгч 24-25 орчим насны, ширвээ хар сахалтай хүн ирдэг юм байна. Би тэнд сар шахам байхдаа партизан бүдүүн Буд гэгч хүнтэй хамт хааяа хил хязгаар эргэх ажилд явдаг байв. Тэгэхдээ Цэрэндоржийг урагшаа тагнуулд явдаг гэж сонссон юм. “Чи бид хоёрыг урагшаа юманд явуулна. Сайн идээд, сайн унтаад бай” гэж Цэрэндорж надад хэллээ. Нэг өдөр бид хоёрт япон цэргийн хувцас өмсгөж, 3-4 шоколад, нэг компас, 60-аад сумтай буу өгөөд ямар ч бичиг баримтгүйгээр нөгөө оросууд чинь аваад хил хүрлээ. Ингээд заставын агтнаас хошоод морь барьж өгөөд харанхуй болуут хил давуулав. Тагнуулд явуулж байна гэдгийг ойлголоо. Намайг нэхэх дагах хүнгүй болохоор золиосолж байна гэдгийг муу монгол ухаандаа ойлгож явлаа. Гэхдээ би бас тагнуулд явж байгаа шүү гэж бодохоор баяртай л байлаа.

   Японд олзлогдов

   Өдөр нь нуугдаж, шөнө нь явсаар 3-4 хоногийг ардаа хийлээ. Морьд ч ядрах шинжтэй. Уул толгод бараг таарахгүй, цагаан тал. Цэрэндорж маань газраа мэднэ гэдэг жигтэйхэн. Ингээд нэг үдэш цагаан гэгээ тасраагүй байхад гэлдрүүлж эхэлтэл айл хунар, мал сүрэг харагдлаа. Жаахан зүүгээр нь чиглэтэл баахан буутай хүмүүс давхилдаад ирэв. Бид хоёр ч сандраад буу сумаа хаячихлаа. Аргалж байгаад гаръя гэсэн царай минь л тэр. Тэд ч бүслээд авлаа. Автомат буутай нэг япон дарга их дуугаар хашгичиж байгаад хүлээд аваад явдаг юм байна. Шөнө нь морин тэргэн дээр тавиад нэг сүмд хүрч модноос уячихаад манаж хонолоо. Маргааш нь бас л хаашаа ч юм авч очоод нэг шоронд хийчихэв ээ. Тэгээд л байцааж эхэллээ дээ. Үг хэлэхгүй, юу ч мэдэхгүй болохоор зодно, балбана. Өвөр монгол хүмүүсээр хэлмэрч хийлгээд байцаачихна. 10-аад хоноод Вангийн сүмд аваачиж шоронд хийсэн. За тэгээд л зүсэн бүрийн юм асууна. "Чоно голд хэдэн цэрэг, хэдэн машин байна? Танайхан xэзээ наашаа дайрах гэж байна?" гээд л. Би юу ч мэдэхгүй юм чинь. Түүнийгээ хэлэхээр бас л зодоод унана, муу усны нүхэнд зогсооно, бүдүүн олсоор хоёр гараас уяад дээш чангаана, тэр чигээр минь дүүжлээд хаячихна. Цэрэндоржийг маань сүмээc баруун урагш ширүүн урсгалтай нэг гол руу аваачаад буудчихсан. Ер нь хэд хэдэн монгол, орос хүмүүс тэнд олзонд байсан. Зун ч боллоо, сүүлдээ Лхамсүрэн гэдэг өвөр монгол байцаадаг болсон. Зодох нь ч багассан, бүр сүүлдээ дуудах нь ч цөөрлөө. Сураг сонсвол манайхан хойноос дайраад япончууд урагшаа дүрвэж эхэллээ гэлцэх. Нэг шөнө биднийг төмөр вагонд суулгаад аваад явлаа. Тэгсэн чинь Чицигар гэдэг хотод ирлээ гэж ярих боллоо. Тэнд шоронд хийж бас хэд хонууллаа. Мөн л үйлийн үртэй нэг шөнө болсон чинь орос, монгол бидний 20-иод хүнийг зүүн урагшаа шивэр мод руу тууж аваачаад япон цэргүүд жадалж эхэллээ. Бөөн хашгиралдаан, уйлаан ёолоон. Миний ч зүүн эгэм рүү жадны үзүүр ороод ирлээ. Би ч ойчоод л өглөө. Aзaap yхаан алдсангүй. Шархаа дараад чимээгүй хэвтээд байлаа. Хоёр япон гэрэл тусгаад хүмүүсийн дээгүүр гишгэлж явахад нь амьсгаагаа түгжчихээд нүдээ тас аньчихлаа. Нэг нь өшиглөв бололтой, толгой руу тас буугаад л явчихлаа, золтой л дуу алдсангүй. Тэгж тэгж явцгаав бололтой, шулганах нь дуулдахгүй боллоо. Толгойгоо өндийлгөөд чагнавал нам гүм, хaв xаранхуй, мөлхөөд үзлээ, болж байна. Цамцаа ураад шархаа боох аядлаа. Жаахан мөлхөж холдоод хярж хэвттэл үүр цайх ч дөхөв бололтой, тэнгэрийн хаяа гэгээрээд ирдэг юм байна. Зүгээ олж аваад л, босоод, тонгойгоод хойшоо гүйчихлээ. Аминдаа тулахаар хүний хүч, зориг гэдэг чинь ундраад л байх юм билээ. Голдуу л тариан дотуур явна. Өдөртөө хэвтчихнэ. Орой босоод л гүйчихнэ. Намар болсон, тариа ургасныг хэлэх  үү, эдвийн л юм идэж явлаа. 2-3 хоносон байх, шархнаас ч цус гарах нь гайгүй боллоо. Нэг үүрээр ядраад тарианд ороод хэвтэж байтал унтчихаж. Сэрээд харсан чинь нар дээр хөөрсөн шинжтэй, бороо дусaгнаад л. Тарианаас гарах санаатай бостол тарианы захад хоёр япон явж байна шүү. Зүрх дэлбэрчих шахлаа. Харсан чинь нэг xудaгapхуу юм байна. Тийшээ мөлхөж явтал бороо цутгачихлаа. Нөгөө худагт орж явчихлаа. Залбираад, Aлтан овоогоо л дуудаад байлаа. Тэгж, тэгж бороо ч татарлaa. Толгойгоо цухуйлгаад харсан чинь нөгөө хоёр япон буугаа савлаад тэр урагшаа гүйж явна. Тариа руу буцаж ороод арай ядан шөнө болгоод, харанхуй болмогц босоод гүйчихлээ.

   Өглөө хэдэн монгол гэр харагдахад нүдний нулимс урсаж байлаа. Дүүрсэн хэрэг, цохиж хүрээд хамгийн зүүн гэрт нь орлоо. Үзэмчин айл бололтой, хоёр хөгшин байна. “Ингээд ингээд зүүн Үзэмчингээс цэрэгт мордоод, шархдаад, ядарч явна” гээд үлгэр зохиож гарав аа. Итгэж байгаа бололтой шархыг минь боож өгөв. Орой нь улаан арми ирлээ гээд сүйд боллоо. Нөгөө айлууд чинь улаан тугтай угтаж байна. Зуугаад цэрэг ирсэн юм. Нэг орос дарга нөгөө айлаас хонь авна гэж байгаа бололтой. Цаадуул нь өгөх ч юм болов. Тэгэхээр нь би хүргэж өгье гэлээ. Зөвшөөрсөн тул хонийг нь хүргэж өглөө. Нөгөөдүүл чинь дор нь хоолойг нь огтлоод унагачихлаа. Би ч суугаад л байлаа. “Яв” гэж дохиж байна. “Үгүй” гэлээ. Нэг орос дарга монгол янчаан гаргаж өгөөд “Харь” гэж байна. Суугаад л байлаа. Эндээс л салчих юм бол дахиад япончуудын гарт орчихно гэж айгаад байгаа байхгүй юу. Ингээд тэдэнтэй цуг урагшаа Тунляо хүрээд эргэж Тамсагт ирсэн билээ.

Үргэлжлэл бий..

Ж.Нэргүй. “Хүмүүсийн тухай роман” ном. 2008 он.  402-406 дугаар тал.