images

Хонгорын голын Цорж лам


     19 дүгээр зууны үед одоогийн Өмнөговь аймгийн Сэрэй сумын Хонгорын голын хавиар нутагладаг ном эрдэм, арга дом, мэргэ төлгөөрөө алдартай, нутаг усныхан төдийгүй өөр хошууныхан ном эрдэм заалгах, мэргэ төлөг тавиулахаар ирдэг, хүний хөл тасардаггуй “хөх” Цорж хэмээх лам амьдарч байжээ.

     Нэгэн удаа дуганын хийдийн жасын санд хулгай орж, Цорж ламаар мэргэлүүлэхэд шоо хаяж үзээд “Та нарт гүйцэгдэхээргүй хол газар, баруун хойд зүгт явж байна” гэсэнд жасын нярав сандран, аргалж өгөхийг гуйжээ. Өвгөн Цорж лам баахан цааргалснаа арц хүж уугиулан, ном уншиж, найруулсан шингэн зүйл бэлтгэн, хулгайчийн явсан зүгт цац гээд “Та нар надаар нүгэл хийлгүүлчихлээ. Мөнгөө бүрэн бүтнээр олж авбал муу хулгайчид ял оногдуулж болохгүй, асарч хамгаалаарай!” гэжээ.

     Арга чарга хийснээс хойш гурав хоногийн дараа голын орчимд хүн хашгирах чимээнээр Цорж лам “Тэр хүнийг авчир” гэсний дагуу очвол, хуучин монгол гутлынхаа улыг барьчихсан, хөлийн тавагнаас цус шүүрсэн нэгэн эр богцтой мөнгөө өгч “Юу ч санахгүй байна. Орой нар жаргаж байхад Таанын хөтлөөр хос морьтойгоо давснаа санадаг юм. Яагаад ийм болчихдог байна аа?” хэмээн уйлж байсан гэдэг. Жасынхан мөнгөө тоо ёсоор нь хүлээж аваад, хулгайчийг хэд хоног асарч тойлон сэнхрүүлж, унаажуулан буцаасан тухай яриа үе дамжин домог болон үлджээ.