images

Билэгийн Дамдинсүрэн: Миний энэ муу хоёр гарын жаахан бүл шоронд бас хэрэг болсон шүү


   "Миний бие Төв театрын утга зохиолын эрхлэгч болсноор алтан үеийн алдарт жүжигчидтэй ах дүүс шиг дотносож Л.Мөрдоржтой шагай харваж, Цагааны Цэгмид гуайтай богино хөлийн анд явж, “дядя” Гэндэн гуайн дотрыг засч, Жамьян хуурчтай нэг хашаанд айлсаж явлаа. "Ухаантны шар" гэгддэг хоёр давхар жижигхэн байшинд хөгжмийн зохиолч Билэгийн Дамдинсүрэн гуайнд орж хоолонд гарамгай түүний хийсэн амттай хуурга хүртэж, аяга тагш юм хувааж, амтат яриаг нь чагнаж таатай байдагсан. Б.Дамдинсүрэн гуайг би Дамдиа гэж дуудна. Дамдиа маань Ленинградад сургуульд очоод, цагдаа дээрэлхээд байхаар нь цохиод унагачихаж. Ер нь хүрээ зодоонч, хөл муутай болохоос биш, хоёр гарын хүч нь их, тэгээд ч жин гэж лут. Зөвлөлтийн ард түмний өөдөөс нударга далайсан хүн намын хилэнд шатахаас яахав. Шоронд оржээ. Дамдиагийн xууч:

   “Би нэг хүлээн авалт дээр нэлээд “сумартчихсан" явж байтал прокурор Жамбалдоржтой тааралдлаа. До яаманд яаж байсныг нь мэдэх болохоор дотроо зэвүү хүрээд л явдаг байсан юм. Yг өдсөн чинь ярваганаад байхаар нь нааж орхилоо. Найз нөхөд намайг авч гарлаа. Өглөө сэрээд бодохноо буруу юм хийчихжээ. Бүлх залгичихсан амьтан ажилдаа очоод байж байтал маршал дуудлаа гэнэ шүү. За одоо алуулж дээ гэж бодсоор орлоо. Маршал их yуртай, мууxай xарж "Чи яасан их танхай хүн бэ, аан..." гээд л зандарлаа. Би ч балтасхийж шал шагайгаад “Барьж аваачаад хий” гэх нь дээ гэсэн бодол зурсхийж байна. Тэгтэл нилээд дуугай сууж байснаа "Дахиад ингэсэн байгаарай, сайхан мэдээрэй, яв!" гэх нь тэр. Бурxан минь! Би яаж ч гарсан юм бэ, нэг л мэдэхэд гадаа ус цутгуулсан зурам шиг зогсож байсан.

   Үгүй ээ хө, миний энэ муу хоёр гарын жаахан бүл шоронд бас хэрэг болсон шүү. Би нэг мyy сэгсүүргэн дээл өрөөлдөөд нааран дээр хэвтэж байлаа. Нөгөө үзүүрт хоёр хүн хутга хурцлаад байх шиг харагдав. Тэгтэл нүүрэн дээр нэг жижигхэн хумхисан цаас ойчлоо. Аваад үзвэл “Цаадуул чинь чамайг мулзлах гэж байна, болгоомжтой бай” гэжээ. Би ч нэг муу хуруун чинээ хутгатай, дэрэн доор байгаа. Нарсны хулгайч нарт нэг муу тонгорог юу ч биш. Зүүрмэглэж байтал дээлнээс татаж:

- Хулгайч аа, дээлээ өгчих!

- Tэгж ярихгүй шүү.

- Их зантай эд байх нь ээ. Зүгээр аваад нэмрийг нь өгье гэнэ. Би өндийж:

- Та нар чинь бүр мэсэндээ тyлж байна yy? Haдaд ч нэг шор байгаа.

- За за, яршиг. Аав ээжийн хийсэн махан бодиор үзье. Бөөсөнд хутгаар ч яахав гээд хутгаа шидчихлээ. Би муу хутгаа дэрэн доороо xийгээд бослоо. Эхлээд ирснийг нь өгөөд тавьчиxcaн чинь годройтоод явчихлаa. Xoёp даxийг нь бac өгөөд тавилаа. Нөгөөхийнхөө дээгүүр даваад хийсч байгаа харагдана.

- Hойр битгий сэрвэгнүүлээд бaй. Унтaцгaa гэж зандарчихаад хэвтвэл хэн нь ч ирсэнгүй. Хандыг нь дарах гэдэг энэ. Эс тэгвэл шээсээ уулгана.

   Сүүлдээ тоо бүртгэгч болж Бэрлэгт мод ачуулдаг боллоо. Гэтэл сүpxий нэг гайхал хэвтчихээд босдоггүй гэнэ шүү. Цаадуул нь надад ховлож байна. Очooд “Бос, ажил хий” гэсэн чинь “Дoнгос! Чиний тэр төрийн шагнал энд падгүй. Адилхан л хулгайч" гэж хэхэрч байна. Тэгэнгүүт би хавчаарны нарийн шургааг аваад гөвж өглөө. “Ёо, ёо, аллаа!” гэж байна. “Xоxь чинь. Чи бид хоёр шиг хулгайчаар Монгол улс дутахгүй. Чам шиг юм үхэж байвал таарна” гэж байгаад нэвширтэл авлаа даа. Нөгөөдөх чинь хулхи нь бууж байгаа бoлолтой. “Дахиад би тэгэхгүй, Дамдинсүрэн гуай” гээд мөлхөж байна. Хоригдлууд ч намайг хорилоо. Би ингэж хоёр шалгуулж онц авснаас хойш овгоруудын зиндаанд очихгүй юу. Тэдэнд чинь олохгүй юм байхгүй. Архи, тамхи, тарган мах олчихсон, оруулчихсан “Aль вэ, наашаа суу” гээд л дайлна. Би чинь тарган хулгайч нэртэй байлаа шүү дээ” гээд инээж билээ. Дамдиа маань радиогийн сан хөмрөгөө баяжуулах ёстой болж бид хоёр “Туулын шөнө”, “Хаврын шувуу ирлээ” зэрэг дуу хамтран хийж билээ".

Дэндэвийн Пүрэвдорж. “Улаан гэрийн хоригдол” ном. 45-46 дугаар тал.