images

“Энхийн нар”


   Хөгжмийн зохиолч З.Хангалын хөгжим “Суварган цэнхэр уулс” киноны дууны шүлгийг кино найруулагч Г.Жигжидсүрэн зохиожээ. Тэрбээр Монголын ард түмний сэтгэлд хоногшсон дэлгэцийн олон уран бүтээлд ажиллахын зэрэгцээ “Анхны алхам” киноноос эхлээд найруулсан киноныхоо дууны шүлгийг зохиосон юм. “Суварган цэнхэр уул” нь З.Хангал, Г.Жигжидсүрэн нарын хамтарч ажилласан анхны кино билээ. Мөн энэ киног бүтээх үеэр хоёр ч дуу бүтээсний нэг нь

Дархан уулаа дайсанд өгөлгүй

Дайчин хилчид манаж байсан юм

Цэлмэг тэнгэр өлгий нутгаа

Цээжин дотроо багтааж явсан юм...” хэмээх үгтэй “Энхийн нар” дуу аж. “Суварган цэнхэр уул” кинонд Ерэн баатарын хөшөөний дэргэд Халх голын ахмад дайчидтай залуу хилчид уулзаж байгаагийн дунд жүжигчин Батцэцэг байдаг аж. Кино бүтээгчид тэр хэсэгт зориулан энэ дуугаа зохиосон гэдэг. Ингээд Ардын жүжигчин Х.Уртнасан дуулж амьдруулжээ. Түүнчлэн “Энхийн нар” дууны шүлэг “Суварган цэнхэр уул” кинонд цэргийн зөвлөхөөр ажилласан БНМАУ-ын хурандаа П.Чогдонтой холбоотой гэдэг байна. 1945 оны Токиогийн олон улсын хуралд Монголоо төлөөлж гэрчээр оролцож байсан тэрбээр нэг өдөр кино найруулагч Г.Жигжидсүрэнд хил үзүүлэхээр дагуулж явжээ. Тэгээд Хулд уул руу очоод дайны үед тус уулыг гурван удаа Японд алдаад, тэр болгонд эргүүлэн авсан тухай, тэнд Японы цэргийн анги байрлаж байсан зэрэг дайны үеийн үйл явдлыг ярьж өгчээ. Яг тэр үед Г.Жигжидсүрэн шүлэг зохиож, “П.Чогдон гуайд зориулав хэмээгээд гарын үсгээ зурж өгсөн нь энэ ажээ.