images

“Хүүгийн бодол”


   Дуучин С.Жавхлангийн дуулснаар орчин үед түгсэн "Хүүгийн бодол" дууны аяыг хөгжмийн зохиолч С.Задгай, үгийг яруу найрагч Л.Дагвадорж зохиожээ. Багшийн их сургуульд найрал дууны багшаар олон жил ажилласан хөгжмийн зохиолч С.Задгай нь “Хос цагаан хун”, “Нисээд хүрмээр”, ”Хайрын сэтгэл”, “Ээж уул”, “Тунгалаг нуурын захад” зэрэг уянгын дуунаас гадна “Золбоо төгс алхацгаая”, “Аялан дуулья”, “Цасаа цасаа ороорой” зэрэг хүүхдийн дууг туурвисан уран бүтээлч юм. Түүний хувьд нэрийн хуудас болсон бүтээл нь гэвэл "Хүүгийн бодол" дуу билээ. С.Задгай Ардын ансамблейд ажиллаж байхдаа нэгэн шүлгийг яруу найрагч Л.Дагвадоржоос аваад 1967 оны үед Улаан-Үүдэд оюутан болж очихдоо аялгуу хийсэн байна. Тэрээр зургаан хүүхэдтэй айлын ганц хүү бөгөөд оюутан байх үедээ ээжийгээ санахдаа энэ дуугаа зохиосон гэдэг. Ингээд бүтсэн дууг нь олон шавь нар нь дуулж байсан ч олонд түгээгээгүй ажээ. Харин хамгийн анх Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгийн дуучин Г.Өлзийсайхан дуулжээ. Мөн тэр 1969 онд маш энгийн өгүүлэмжтэйгээр төгөлдөр хуурч Батмөнх, шанзчин Цэрэндуламтай хамт дуулсан байдаг. Үүнээс улбаалаад 1983 онд гавьяат жүжигчин Ц.Өлзий-Орших ятгын цөөхүүлтэй дуулжээ. Мөн л 1986 онд уран сайханч Сүхбаатар ятгын цөөхүүлтэй дуулж, радиогийн алтан санд үлдээсэн байна. Хожим 2000-аад онд дуучин Жавхлан "Хүүгийн бодол" дууг клипжүүлж, CD болгожээ. Хөгжмийн зохиолч С.Задгай нь Х.Билэгжаргал, Б.Шарав, С.Тараа, Ц.Чинзориг, Ц.Нацагдорж, Н.Жанцанноров тэргүүтэй Монголын урлагийн гавьяат зүтгэлтнүүд, хөгжмийн зохиолчид хичээл зааж явсан юм. 

Эх сурвалж: Монголын радиогийн "Дуун увдис" нэвтрүүлэг